
Нүүдэлчдийн ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бүргэдийн баяр”-ыг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болох 20 дахь удаагийн баярт Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ аймгаас нийт 29 бүргэдчин оролцоно. Мөн Казахстан, Киргизстан, Испани, Унгар, ОХУ-аас 16 тамирчин ирэхээр бүртгүүлжээ.
“Бүргэдийн баяр”-ын эхэнд бүргэдчид үндэсний хувцсаараа гоён гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд тусгайлан сургасан морьтой жагсан орж ирнэ. Эндээс уламжлалт зан заншлыг хадгалсан байдал болон дээл хувцасны өнгө дизайн зэрэг бүх элементийг нарийн шүүж тунгаан, хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчнийг шалгаруулдаг аж. Мөн энэ үеэр казах үндэстний урлагийн тоглолт, хувцас хэрэглэлийн худалдаа, хоол үйлчилгээ, казах үндэстний гэрт зочлон өвөрмөц ёс заншил, амьдралын хэв маягтай ойроос танилцах боломжтой.
Ташрамд, махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг бөгөөд бүргэдээр ан хийх энэхүү уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж иржээ. Энэхүү уламжлалыг хадгалж ирсэн улсын хувьд 2010 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн.