
Монгол бөхийн өргөөнд сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд болж байна. Өчигдөр Тарвалин хийдийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан боллоо. Барилдаанд 832 бөх зодоглосноос Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх Амарсайханы Тодмагнай 10 даван түрүүлж, Төв аймгийн Угтаацайдам сумын харьяат, Дүнжингарав дэвжээний бөх сумын заан Батбаярын Золбаяр үзүүрлэв. Түрүү бөх А.Тодмагнай сумын баяр наадамд хоёр түрүүтэй бол үзүүрлэсэн Б.Золбаяр гурван түрүүтэй аж.
Их шөвөгт Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат, Алтай Агро Трейд ХХК, "Хантайшир" дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Л.Отгонбаяр, Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат, Дүнжингарав дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Б.Цогт нар шалгарлаа.
Өнөөдөр Бөхийн өргөөнд аймаг, цэргийн харцага, начин цолтой бөхчүүдийн барилдаан болж байна.