
Умард Солонгос Пёньян дахь Швейцарийн дипломат төлөөлөгчийн газрыг хаах асуудлыг авч үзнэ гэж төрийн хэвлэл мэдээлжээ. Оросын эзлэн түрэмгийлсэн Украины нутаг дэвсгэрээс хүүхдүүдийг шилжүүлсэнтэй холбоотойгоор Умард Солонгосын хүүхдийн зусланд хориг арга хэмжээ авсанд нь буруутгасан учир ийм арга хэмжээ авахаар болжээ.
Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны нөлөө бүхий дүү Ким Ё Жон Швейцарийн хориг арга хэмжээ нь тус улсын бүрэн эрхт байдалд халдсан, Пёньяны эсрэг дайсагнасан хандлагыг илэрхийлсэн үйлдэл гэж мэдэгдсэнийг KCNA агентлаг мэдээлсэн байна.
АНУ-ын “Америкийн дуу хоолой” радио өнгөрсөн долоо хоногт Швейцар улс Оростой холбоотой бүлгүүдтэй хамтран Украины Оросын эзлэн түрэмгийлсэн бүс нутгуудаас хүүхдүүдийг шилжүүлсэн гэх үндэслэлээр Умард Солонгосын “Сонгдовон” олон улсын хүүхдийн зусланг хориг арга хэмжээний жагсаалтад оруулсан талаар мэдээлжээ.
Хориг арга хэмжээ нь бүх хүүхдэд соёл, амралт зугаалгын боломж олгох Умард Солонгосын үүргийг үгүйсгэж, хүмүүнлэг үзлийг дэмждэг улсын хувьд олон улсын нэр хүндэд нь “арилшгүй толбо” үлдээж байна гэж Ким Ё Жон мэдэгдэлдээ дурджээ.
“Үйлдэл нь үгтэйгээ нийцдэггүй, найдвартай бус Швейцарьтай тогтоосон харилцаагаа бүх талаас нь эргэн авч үзэх шаардлагатай гэж би үзэж байна” хэмээн Ким Ё Жоны хэлснийг KCNA уламжлав.
“Би Гадаад хэргийн яамандаа ойрын хэдэн өдөрт Пёньян дахь Швейцарийн дипломат төлөөлөгчийн газрыг татан буулгах асуудлыг нарийвчлан судалж, холбогдох арга хэмжээ авахыг зөвлөнө” гэж тэрбээр хэлжээ.
Өнгөрсөн аравдугаар сард Умард Солонгос Швейцарийн Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзсан бөгөөд хоёр тал яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон юм. Швейцарь саяхан Пёньянд дипломат төлөөлөгчийн газраа нээсэн юм.
Умард Солонгос 2023 оноос хойш Оростой харилцаагаа эрс бэхжүүлсэн бөгөөд 2024 онд хоёр улсын удирдагчдын байгуулсан иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээний хүрээнд Украины эсрэг дайнд Москваг дэмжих зорилгоор зэвсэг, цэрэг нийлүүлсэн гэж үздэг.