
Хүүхдэд муу юм тохиох бүрд “баатар” хэрэгтэй болдог. Тэр л баатар мангасыг дарж, ард олныг амар жимэр болгодог. Шидэт саваатай сайн санаат дагинас өөрсдийг нь цаг ямагт хамгаалж, аварна гэж хүүхдүүд итгэдэг нь лавтай.
Харин тийм шидтэн Монголд л алга. Ер нь монголчууд бидний хүүхдийн ирээдүйн талаарх бодол ямар шинж чанартай, аль цэг дээрээс эхэлдэг вэ? Бусдыг хүүхэдтэй болооч гэж тулгах, олон хүүхэдтэй болох тусам сайн, ирээдүйд хүүхэд чинь чамд л хэрэг болно гэх зэргээр наад зах нь “хэрэгцээ” болгож хардаг. Ямартай ч хүүхэдтэй болсон байхад учир нь олдоно гэж санана. Тэднийг хэрхэн өсгөх, хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээх зэрэг нь дараагийн асуудал. Тиймдээ ч ирээдүй гэж уянгалах атлаа хүүхдийн нэрээр дамжуулж мөнгө завшдаг, бусдаас хулгайлж халаасаа түнтийлгэдэг байгууллагууд ч бий. Хэдэн тэрбумаар нь босгосон хандивын мөнгө нь үнэхээр хүүхдэдээ зарцуулагдаж, үр дүнгээ өгсөн бол өдгөө бид туулсан нийгэм бүрд тулгарч байсан эл асуудлын арай гэгээлэг талыг хөндөх байв. Гэвч манайд хүүхдийн тухай ярианы хамгийн гэгээтэй сэдэв нь “хүүхэд” өөрөө л байна.
Ирээдүйн эзэд гэж хэчнээн уянгалж, өнгөлөг цаастай амттанаар хуурч, хэдэн уут бэлэг тарааснаар асуудлыг нь шийдчихдэггүй ээ гэдгийг цаг хугацаа таниулах тусам үр хүүхдэдээ өвлүүлэх зүйлсийг хувааж идэж болохгүйг ойлгоно. Магадгүй оройтсон байж ч мэдэх аюултай үр дагавар тэгэхэд үүснэ. Гэхдээ яахав, ийм л тавилантай юм байлгүй гээд орхичихож харин болохгүй. Сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэг. Гэтэл өнөөгийн нөхцөл байдлаа өмнөх он жилүүдтэй харьцуулаад харахад өөрчлөгдсөн зүйлгүй өрөмтөн тогтчихоод байгааг санаваас хүүхдүүддээ бид юуг өгсөн бэ, тэд ямар нийгэмд амьдарч байна вэ гэж асуухаас өөр арга алга. Үр хүүхдэдээ аюулгүй амьдрах орчин, эрүүл хүнс, сайн боловсрол зэргийг тэгш хүртээмжтэй хүргэж чадаж байна уу? Угтаа эдгээр бол наад захын, зайлшгүй шаардагдах ёстой зүйлс. Даанч үүнд “тийм” гээд итгэлтэй хариулчих улс нийслэл бүү хэл орон нутагт ч үгүй. Хүүхдэд халтай энэ байдлаа засан сайжруулахгүй бол хэчнээн ирээдүйн эзэд гэж тодотголоо ч тэдэнд “ирээдүй” байхгүй. Сурч боловсрох эрх хөндөгдөж, хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, сургуулийн орчимд дээрэлхэлт, ялгаварлан гадуурхал газар авч байхад бид зөвхөн мөнгө ярьж, өөрсдийгөө болоод өөрсдийнхөө хүүхдийг л өмөөрч сууцгаадаг араншинтай улс. Одоо тэгвэл нэгэнт хүүхэд ярьсан дээрээ бусад асуудлыг нь хөндөж хамтдаа шийдмээр байна. Тэгэхээр асуудал юунд байна вэ?
Он гарснаас хойш 18 хүртэлх насны 78 хүүхэд амиа хорлосон гэх статистикийн тоо бий.
Өдгөө үүнийг бичиж, халаглан харуусаж суухад эл тоо нэмэгдэж байж ч мэдэх гашуун мэдрэмж үл сална. Мөн хэдхэн хоногийн өмнө барилгын дотор заслын ажил хийж байсан 15 настай хүүхэд амь насаа алдсан хэрэг гарсан. Ерөөс өнгөрсөн онд гэхэд 2339 хүүхэд, энэ оны эхний улиралд 518 хүүхэд гэмт хэргийн улмаас болж хохирчээ. Жилийн эцсээр хүчирхийлэл, насанд хүрээгүй хүүхдийн жирэмслэлт, үр хөндүүлэлт зэрэг санаанд үл тором сэрдхийлгэм тоонууд өсдөг. 2024-2025 оны үзүүлэлтээр Монгол Улс хүүхдийн эрхийн индексээрээ 194 орноос 91 дүгээр байрт буюу өмнөх жилийнхээс таван байраар ухарсан бөгөөд үргэлжийн дайн самуунтай Ираны ард жагссан.
Үүн дотроос хамгийн гол зурсан нь өсвөр насны хүүхдүүдийн амиа хорлолт. Он гарснаас хойш амьдралаас эрс татгалзсан 78 хүүхдийн хугарсан итгэл, хөндүүрээ тэвчиж чадалгүй амиа тэвчсэн үйлдэл юуг сануулж байна вэ? Тоо бүрийн ард айдас, бас томчуудын яриад байдаг хүүхэд болгоны гэгээн мөрөөдөл бий. Харин одоо бол үгүй. Сүүлийн жилүүдэд өсвөр насныхны сэтгэл гутрал, амиа хорлох оролдлого эрс нэмэгдсэн талаар мэргэжлийн байгууллагууд сэрэмжлүүлсээр байгаа.
Хүүхдүүд сэтгэл гутралд автах, бусдаас хөндийрөх нэг томоохон шалтгаан нь өнөө цагт бол дэлгэцийн донтолт гэдгийг эмч нар анхааруулж байна. Хүүхэд уйлахаараа гар утас авдаг, уйдахдаа дэлгэц ширтдэг, ганцаардахаараа чихэвч зүүдэг цаг ирсэн. Эцэг, эхчүүд үүнийг “хялбар арга” гэж боддог. Дэлгэцийн донтолт гэдэг зүгээр л тоглоомд хэт дурлах тухай ойлголт биш. Энэ бол хүүхдийн тархины анхаарал төвлөрөл, сэтгэл хөдлөл, бодит харилцааны чадварыг алгуурхан өөрчилдөг сэтгэцийн эмгэгийн нэг хэлбэр. Дэлгэцийн гэрэлд удаан байснаар нойрны хэмнэл алдагдаж, хүүхэд ууртай, түгшүүртэй, амархан цочир болдог. Түүнээс гадна бодит амьдралын харилцаанаас илүү цахим орчинд аюулгүй мэт мэдрэмж төрөх нь ганцаардлыг улам лавшруулдаг. Хүүхэд өөрийгөө хэнд ч хэрэггүй юм шиг мэдэрч эхлэх тэр мөч хамгийн аюултай.
Дээрээс нь цахим дээрх доромжлол, гадуурхалт, бусадтай харьцуулсан агуулгууд тэдний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг хиаруулна. Ингэснээр бодит амьдралд итгэх итгэлгүй болсон хүүхэд өөрөөсөө хүртэл зугтахыг хүснэ. Мэдээж цахим гэдэг бидний өдөр тутмын хэрэглээ болсон. Тэгээд ч интернэтээс мэдлэг олж, өөртөө ашигтайгаар хэрэглэж сурах нь буруу биш. Харин хүүхдээ дэлгэцэд тушаагаад орхичихдог хандлагаа хэвээр нь хадгалсаар байвал ямар аюул бий болохыг дээрх тоо харуулна.
СЭМҮТ-ийн хүүхэд, өсвөр үеийн клиникийн сэтгэцийн эмч Д.Номиун
Гэр бүлийн гишүүд, найз нөхөд дунд дэлгэцийн хэтрүүлсэн хэрэглээ, донтолттой, энэ байдлаараа үлгэрлэх хэн нэгэн байдаг бол хүүхэд дэлгэцийн хамааралтай болох нь ихэсдэг. Мөн гэр бүлийн харилцааны асуудал, салалт, хүчирхийлэл, хүүхдийн орчин нөхцөл, сургууль өөрчлөгдөх, хайр дурлал, нөхөрлөл бүтэлгүйтэх үед хүүхэд дэлгэцийн хамааралд өртөх эрсдэлтэй. Үүнээс гадна хүүхэд хүмүүжлийн асуудлууд гол нөлөө үзүүлнэ. Жишээлбэл, хүүхдээ хэт эрхлүүлэх, эсвэл эсрэгээрээ хараа хяналтгүй орхих нь голлох шалтгаан болж байна.
Хүн бага боловсролын системээр дамжиж бие хүн болон төлөвшдөг. Үүнд хамгийн чухал нь гэрийн боловсрол, хүмүүжил ч багтана. Харин хөндөх асуудал бол хүн бүрийн, жил болгоны ярианы халуун сэдэв болсон боловсролын систем. Бид хүүхдүүддээ чанартай боловсролыг тэгш хүртээмжтэй байдлаар олгож чадаж байгаа юу? Хариултыг өнөөгийн нийгмийн дүр төрх харуулна. Яам нь хүртэл хэн нэгнийг томилдог, огцруулдаг, дахиад томилдог, мөн л огцруулдаг. Ийм л дэн буудал аятай дүр зураг тодхон.
Төсвийг нь хэдийнэ шийдээд өгчихсөн байхад бүтэн гурван сарын дараа нэгдүгээр ангийн хүүхдүүд хичээлийн шинэ жилээ сурах бичиггүй угтацгаасан. Гэтэл бүгд л хөөр баяр болж, том дарга нар нь байтлаа бүр сургуулийн шатан дээр сандал өрж сурагчдаа өмнөө зогсоочихоод баяр тэмдэглэж суусан шүү дээ. Энэ үед хэн юу хэлэв. Анги танхим хүрэлцээгүй, хүүхдүүдэд зориулж барьсан сургууль, цэцэрлэгт нь ямар ч тавилга, суух сандал, хичээллэх бололцоо байгаагүй гэдгийг бүгд мэднэ. Өдгөө шинэ сайд томилогдож, олон шинэчлэлийг хийж, арга хэмжээ аван ажиллаж байна гэх боловч үнэхээр цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд, тэдгээрийн боловсролын хүртээмжтэй байдлын талаар авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн даацтай ажил үгүй. Өөрсдийнхөө төлөө, эрх мэдлээс зуурч үлдэхэд нь туслах багш, аав, ээжүүд зэрэг сонгогч нартаа “таалагдах”-ын тулд эерүү шийдвэр гаргаж харагдсанаас өөр зүйлгүй. Тиймдээ ч үе, үе сөхөгддөг хувийн сургуулиудыг илүү үзэж, илт гадуурхах барьцаа шинээр томилогдсон Боловсролын сайд улам ахиулсан. Тэрээр “Төрийн өмчийн сургуулиудын шилдэг багш нарыг сүүлийн гурван жилийн дотор ямар нэгэн байдлаар цалин амлаж татсан бол тэдгээр багш нарыгаа буцаана. Тэднийг буцааж өгөхгүй бол хувийн сургуулиуд багш авсан төрийн сургуульдаа нөхөн төлбөр төлнө” гэх сүрдүүлгийн аястай мэдэгдэл ч хийж байв. Багш нарынхаа ажиллах орчныг сайжруулж, цалин хангамж нэмэгдүүлэх, хүүхдүүдийн эрүүл орчинд сурч боловсрох талаар бус харин ч нэг төсвийн зардлыг танаж иддэг улстөрчдийнхөө ухаанаар асуудалд судалгаа хийж, мэдэгдэл гаргаж байгаа нь энэ. Тэгээд хэн хохирох билээ. Хүүхдүүд л хохирно. Харин үүнд төр ч тэр, томчууд ч тэр ул суурьтай хандаж, хоцрогдол арилгах талаар дорвитой алхам хийгээгүй л байна.
Манай улс боловсролын систем, сурах бичгийн асуудал, хичээлийн анги танхимын хүрэлцээ зэрэг олон асуудлыг эргэн харах, түүнд “жаахан ч гэсэн гар хүрэх” бус илүү өөр аргачлалаар хандах цаг ирсэн. Сурган хүмүүжүүлэх тал дээр хүүхдийг алдаа гаргаснаар нь ангилж, ялгаварлан гадуурхах бус хөгжихөд нь тусалж, чиглүүлдэг систем хэрэгтэй. Айдас биш оролдлогыг нь үнэлдэг нийгэмд хүүхэд боловсролтой, хичээнгүй нэгэн болж төлөвшдөг. “Юуг буруу хийв” гэж асуухаас урьтаад “Яаж илүү сайжруулж болох вэ” гэж асуудаг боловсролын систем л эдгээр олон дутагдлыг нөхнө.
6 сарын 1. Энэ өдрийг хүүхдүүд л санаж, тэд л өөрсдөө баярлаг. Бусад нь, хүүхдийн төлөө гэж орилогсод савраа татчихвал уг нь сайн. 2021-2023 оны хооронд манай улсын “Хүүхдийн төлөө сан”-д 11 тэрбум 94 сая төгрөг цугласан байдаг. Гэтэл тухайн онд хүүхдийн төлөө гаргасан зардал нь ердөө 106 сая төгрөг. Бусдаар нь эмнэлэг, сургууль, цэцэрлэг барина гэх боловч ширээ сандалгүй сургууль, хүртээмжгүй цэцэрлэг, утаанд хордож өвчиндөө шаналсаар эмнэлгийн хонгил барааддаг үрстэй хэвээрээ. Дээрх 106 сая төгрөгийн зарцуулалтыг “Хүүхдийн төлөө сан”-гийн шилэн данснаас үзэхэд олон улсын тэмцээн уралдаанд л зориулжээ.
Өнгөрсөн онд гэхэд хүүхдийн мөнгөн тэтгэмжид 1.5 их наядыг зарцуулсан бол 1.33 их наяд төгрөгийн өртөгтэй 190 төсөл, арга хэмжээ батлагдсан. Эрүүл мэндийн салбарт 4.3 их наяд, хүүхэд хамгааллын зардалд 20.6 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүнээс хамгийн их буюу 4.5 их наядыг Боловсролын салбарт төсөвлөсөн. Харин тухайн үеийн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.ЭнхАмгалан сар бүр хүүхдэд олгодог 100 мянга буюу хүүхдийн мөнгөн тэтгэмжид ойролцоогоор 1.7 их наядыг төсөвлөсөн талаар мэдэгдэж байв. Үүнээс гадна цалин, тэтгэвэр, тэтгэмж зэрэг нийгмийн хамгааллын томоохон зардлууд нийлээд 10.9 их наяд төгрөг болсныг мөн л тухайн үеийн Сангийн сайд Б.Жавхлан дурдсан. Харин энд онд хүүхдийн мөнгөн тэтгэмжид 1.5 их наядыг зарцуулахаар тусгасан. Боловсролыг дэмжихээр зарласан энэ жилд 5.38 буюу өмнөх оноос 1 их наяд гаруй нэмэгдсэн төсвийг Боловсролын яаманд зарцуулахаар баталсан. Энэ нь улсын нийт төсвийн зарлагын 16.4 хувийг эзэлж байна.
Саяхан болсон “Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл”-ийн хурлын үеэр Ерөнхий сайд Н.Учрал “2026 онд хүүхдэд зориулж зарцуулах төсвийн хэмжээ 8.1 их наяд төгрөг байна. Тиймээс энэ төсвийн зарцуулалтыг ил тод болгож, гүйцэтгэлд нь хяналт тавих шаардлагатай. Энэ мөнгө хэр үр дүнтэй ажилд зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй” хэмээж байв. Үнэхээр хүүхдүүдийнхээ байгаа байдлыг ажвал бидэнд байгаа, их дүнтэй тоонууд юунд зарцуулагдсан талаар тодорхойгүй. Хүүхдийн эрүүл мэнд, сурч боловсрох орчин хаачив. Мэдээж хүүхэд буруугүй, олон улсын тавцанд улс орныхоо нэрийг гаргаж ирсэн тэднийгээ шагнах нь зүй. Гол нь бусад чухал зүйлсдээ анхаарал хандуулах хэрэгтэй байгаа юм. Ер нь хүүхдийн мөнгө гэсэн хоосон үгээр тархи угааж, түүнийг санаачилсан улстөрчид элдэв янзын сан байгуулж хэдэн тэрбумаар халаасалж, хүүхдийн нэр барихаа болих нь зүй.
Эцэг, эхийн оролцоо хүүхдийн ирээдүйд чухал. Үүнийг дурдахгүй өнгөрч болохгүй. Харин өдгөө дийлэнх эцэг, эхчүүд хүүхдийнх нь халаасанд мөнгө л байвал болно гэж санах болов. Тэд мөнгөөр, өнгөтэй хувцсаар, үнэтэй утсаар хүүхдээ гацуурын мод шиг чимэглэж орхиод хаячихна. Хүүхэд мөнгөөр бүхнийг шийдэж сурвал хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгохгүй. Бас хайр халамжийг материаллаг зүйлтэй андуурч эхэлдэг.
Өөр нэг зүйл. Монгол хүүхдүүдийн сахарын хэрэглээ аюулын түвшинд хүрснийг олон улсын байгууллагууд анхааруулдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2025 оны тайланд дурдсанаар манай орны хүүхдийн сахарын хэрэглээ жил бүр өсөж байгааг дурдаж, ахин сануулга илгээсэн. Зах зээл дээр зарагдаж буй олон бүтээгдэхүүний сахарын агууламж зөвлөмжөөс хэд дахин давсан талаар ч дурдсан. Гэвч бид энэ тухай бараг ярьдаггүй. Мэдээж хүүхэд чихэрт дуртай. Харин хэрэглээ хэтэрвэл үр дагавар нь насан турш үргэлжлэх магадтай аюулын харанга дэлдсээр байна. Үр хүүхэд нь баярлаж байхад аз жаргалыг мэдрэхгүй хэн байх вэ. Гол нь тэрхүү түр зуурын агшнаас үүдсэн сахарын хэт хэрэглээний үр дүн нь зөвхөн таргалалтаар хязгаарлагдахгүй. Тархины үйл ажиллагаа, сэтгэл зүй, анхаарал төвлөрөлтөд хүртэл нөлөөлдөг байна.
Өнөөдөр амархан ядардаг, ууртай, төвлөрч чаддаггүй хүүхэд олширсон. Бид үүнийг “Одоо үеийн хүүхдүүд ийм болчихжээ” гэж шүүмжилдэг. Гэтэл хооллолтын хэв маяг ямар их нөлөөтэйг анзаарахгүй байгаагийн уршиг нь тэр. Өглөөнөөс орой хүртэл сахар агуулсан ундаа, чихэр, савласан бүтээгдэхүүн хэрэглэж өссөн хүүхдийн бие организм аажмаар ядардаг. Инсулины тэнцвэр алдагдсан гэж ойлгож болно. Тиймдээ ч нойр муудаж, тархины идэвх буурна. Гэхдээ асуудал зөвхөн амттанд байгаа юм биш. Томчууд бид хүүхдийн хэрэглээг хянахын оронд зах зээлд нь даатгачихсан. Дэлгүүрийн лангуу бүхэлдээ өнгөлөг савтай сахар болжээ. Хүүхдийн нүдэнд зориулсан сурталчилгаа, хүүхдийн дүрстэй чихэр, “аз жаргал” мэт харагдах бүтээгдэхүүнүүд тэднийг өдөр бүр онилдог. Харин эрүүл хоол хүнс илүү үнэтэй, илүү хүртээмжгүй. Тэгэхээр эрх баригчдын маань улаан шугам татаж айлдвар болгосон улны айлын хүүхдүүд хамгийн хямд, асар их сахар агуулсан хүнсээр хооллож байгаа гэж үзэх үү.
Ирээдүйдээ санаа зовох асуудал түм бум. Санаа зоволгүй сайхан тоо ярьж суугаа сайд дарга нараас олон хүнгүй монголчууд хүүхдэдээ яг юу өгч, юуг өвлүүлж үлдээв. Утаатай хот, айдастай нийгэм, алхвал үрэгдэж мэдэх аюул ослоор дүүрэн амьдрах орчин. Тоглох зүлгийг нь тайраад босгочихсон олон давхар цементэн овоолго, тохитой суугаад ном унших бус томчуудын хэрүүлээр дүүрсэн цахим орчин. Амьдралд нь хүрэлцэхтэй, үгүйтэй цалингаараа ганц юм босгодог аав, ээжүүдтэй гэр орон. Төрөөс сарвайсан хэдийг нь хүртэл аваад хармаалчихдаг улсаас хүүхдүүд маань хэдэн төгрөг хялайлгавал талх, ундаа авна. Тэгээд нулимсаа зажилж, зовлонгоо залгилна. Харин аав, ээж нь дугуйлах нэрс нь олон болсон 126-гаа харааж сэрээд шараа тайлахаар гарцгаана. Ийм л нийгмийг, тийм ирээдүйг бид хүүхдүүддээ өгчээ.