Ой, хээрийн болон объектын түймрийн нөхцөл байдлын талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү мэдээлэл өглөө.
Тэрээр “Нийт нутаг дэвсгэрт хуурайшилт ихтэй байгаагийн улмаас ой, хээрийн түймрийн осол нэмэгдэж байна. Мөн усны осол их бүртгэгдэж байна. 2025 онд улсын хэмжээнд 12 аймгийн 64 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 120 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 гаруй хувь өссөн дүн юм. Сэлэнгэ аймагт хамгийн их буюу 30 тохиолдол бүртгэгдсэн байна. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт 10 гаруй удаагийн түймэр бүртгэгдсэн байна. Энэ жилийн 6-8 дугаар сард үерийн эрсдэл их түвшинд байхаар байна” гэв.
Усны ослын тохиолдол нэмэгдэж байгаа талаар ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа мэдээлэл өглөө.
Тэрээр “Он гарсаар улсын хэмжээнд усны ослын 38 тохиолдол бүртгэгдэж, 22 иргэн амь насаа алдсан байна. 16 нь насанд хүрсэн хүн, долоо нь хүүхэд байлаа. Онцгой байдлын байгууллага 10 иргэний амь насыг авран хамгаалсан байна. Монгол Улсад сүүлийн 20 жилийн байдлаар гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас амь насаа алдсан иргэдийн 42 хувь нь усны ослоор амиа алдсан байна. Жилд дунджаар 97 хүн усны ослоор амь насаа алдсан байна. Усны ослын улмаас амь насаа алдсан иргэдийн 40 гаруй хувь нь зөвхөн долоодугаар сард энджээ. Наадмын амралт удахгүй эхлэх гэж байна. Иргэд эдгээр өдрүүдэд гол, нуурын эрэг рүү ихэвчлэн очдог. Энэ өдрүүдэд усны ослоос сэргийлэх шаардлагатай” гэв.