
Оросын хийн хоолой Европын эрчим хүчний амин судас байхаа болиход Брюссель үүнийг зөвхөн эдийн засгийн өөрчлөлт бус стратегийн тусгаар тогтнол хэмээн тунхаглаж байв.
Украины дайнаас ч өмнө Кремльтэй эв зүйгээ олохоо больсон Европын эрх баригчид Оросын хийн хараат байдлаас гарахын мөрөөсөл болсон үед дайн эхэлсэн хэрэг.
2021-2025 онд Оросын хийн экспорт Европ руу 40 гаруй хувиар буурч, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн байгалийн хийг Украинаар дамжуулан Европ руу дамжуулах гэрээ дуусгавар болсон юм. Үүнээс өмнө 2022 оны наймдугаар сард Балтын тэнгисийн ёроолоор Герман руу хий нийлүүлдэг “Умардын урсгал” хоолойгоо Оросын Газпром компани бүрмөсөн хаасан. Оросын оронд Норвеги, АНУ, Катар болон бусад нийлүүлэгчдийн гарц олж, шингэрүүлсэн байгалийн хий буюу LNG хүлээн авах терминалуудаа өргөжүүлж, сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтаа эрчимжүүлсэн ч дэлхийн геополитикийн нөхцөл байдал энэ өвөл Европыг гал алдахад хүргэж мэдэх нь.
Асуудал нь Европт хий огт байхгүйдээ биш. Харин Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс шалтгаалж дэлхийн зах зээл дээрх үнэ өссөн тул хангалттай нөөц бүрдүүлж амжаагүй аж. Аравдугаар сарын эхээр Европын хийн агуулахууд дунджаар 68 хувийн дүүргэлттэй байна. Германы нөөц бүр 56 хувьтай. Энэ нь 2022 оны халаалтын улирал эхлэхийн өмнө хийн нөөц 90 хувьтай байснаас мэдэгдэхүйц доогуур үзүүлэлт. Европын холбоо ч бодлогын түвшинд арваннэгдүгээр сарын 1 гэхэд агуулахаа 90 хувь дүүргэх зорилтоо 80 хувь болгон бууруулжээ. Өөрөөр хэлбэл, Европ багахан үүцтэй хахир өвлийг угтаж байна. Гэхдээ агуулахын хэмжээ дангаараа хямралын хэмжүүр биш. Европын албаныхан нийлүүлэлт тогтвортой, ойрын хугацаанд хомсдол үүсэх эрсдэл бага гэж үзэж байгаа ч гол аюул нь хий дуусах бус, харин үнэ хөөргөдөх явдал юм. S&P Global-ийн шинжээчдийн тооцоогоор одоогийн шахалтын хурдаар халаалтын улирал эхлэхэд агуулахууд 74 хувьтай л дүүрнэ. Энэ нь ойролцоогоор 78 тэрбум шоо метр буюу Европын холбооны өвлийн хэрэглээний дөрөвний нэг юм.
ЕвроКомиссоос хийн зах зээлийг зохицуулахаар байгуулсан бүлэг сандрах, барьц алдах шалтгаан байхгүй гэж амлаж буй. Есдүгээр сарын сүүлээр болсон сүүлийн уулзалтаар тэд “нөөц бага ч нийлүүлэлт тогтвортой” гэж дүгнэв. Харин зах зээлийн шинжээчид одоогийн хэрэглээний хурд, үнийн түвшинг барихад үлэмж хэмжээний зардал гаргах ч эргээд иргэдийн нуруун дээр инфляцын дарамт болж буухыг сануулсаар. Ид хүйтэнд агуулахын нөөц шавхагдвал зөвхөн Европын хэрэглэгчид төдийгүй дэлхийн хийн зах зээлд ч үнэ савлана. Учир нь АНУ, Хятадаас гадна зөвхөн Европт л хийн үнийг огцом өсгөхгүйгээр өвлийн эрэлтийг нөхөх чадвартай томоохон хэмжээний агуулахууд байдаг.
Европ халаалт болон цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхдээ байгалийн хий ашигладаг. Дүн өвлөөр эсхүл тэнгэр эвгүйрхэн нар салхинаас авах эрчим хүчний хэмжээ буурахад хийн эрэлт огцом нэмэгддэг.
Оксфордын Эрчим хүчний судалгааны хүрээлэнгийн (OIES) шинжээч Жек Шарплес
Өвлийг өнтэй давах нь агуулахын нөөцөөс хамаарна. 11 сар гэхэд төлөвлөж буй 78 тэрбум шоо метр хийгээ нөөцөлж чадаад өвөл нь 2022-2024 оных шиг урин байвал гал алдахгүй. Харин өнгөрсөн жил шиг жихүүн хүйтэн давтагдвал халаалтын улирал дуусахаас урьтаж агуулахууд бүрэн хоосорно. Ормузын хоолой нээгдэхгүй бол Европт хийн үнэ пуужиндах нь тодорхой.
Тиймээс ирэх өвлийн гол эрсдэл бол хийн дутагдал биш, харин өндөр үнэ. Хавар гэхэд нөөцөө шавхаж дуусвал Европт дараагийн халаалтын улиралд бэлтгэн агуулахаа дүүргэхэд хавьгүй их хий шаардагдана. Оксфордын Эрчим хүчний судалгааны хүрээлэнгийн тооцоолсноор 5 сараас 11 сар хүртэлх хугацаанд 30 орчим тэрбум шоо метр хий шаардлагатай аж. Ирэх жил Америк, Австрали, Африкаас дэлхийн зах зээлд нийлүүлэх шингэрүүлсэн хийн хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдэх төлөвтэй ч 30 тэрбум шоо метрээс хэтрэхгүй. Хэрэв Европ энэ бүх шингэрүүлсэн хийг худалдан авбал нийлүүлэлтийн саатал, бусад эрчим хүчний эх үүсвэрээр орлуулах туршилтуудыг эс харгалзан дэлхийн эдийн засгийн өсөлтийг дагаад үнэ улам нэмэгдэнэ.
Европын комиссар Дан Йоргенсен
Европ дахь эрчим хүчний хямрал дуусаагүй гэдэг нь илэрхий байна. Ираны дайн эхэлснээс хойш Европын холбооны чулуужсан түлшний импортын нэмэлт зардал хэдийнэ 100 тэрбум еврогоос давлаа. Дахин нэг зун үнэ өндөр байх нь Европын дааж чадах зүйл биш.
Эрчим хүчний үнэ өндөр байх тусам Европын химийн үйлдвэр, металлург, бордоо, шил, цемент зэрэг цахилгаан их хэрэглэдэг салбаруудын өрсөлдөх чадвар буурна. Хийн хямрал зөвхөн халаалт, эрчим хүчний асуудал биш тул үйлдвэрлэл, ажлын байр, өрхийн хэрэглээ цаашлаад Европын аж үйлдвэрийн ирээдүйд тулж ирж байна.
Европ хийн төлбөрт АНУ-аас гурав дахин их, Азиас ахиу мөнгө төлж байгаа нөхцөлд үнэ тогтоон барих хэд хэдэн хувилбарыг авч үзэж байгаагийн нэг нь худалдан авалтаа огцом нэмэгдүүлэх. Гэвч Ормузын хоолойгоор тээвэрлэдэг Катарын нийлүүлэлтийн тогтвортой байдалд найдах аргагүй. Ираны дайн дуусаж Ормузын хоолой бүрэн нээгдсэн ч Персийн булангаас нийлүүлэлтийг сэргээхэд цаг хугацаа шаардагдах тул энэ өвлийн улиралд Европын нөөцийн түвшинд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Европын холбооны гол хоёр нийлүүлэгч болох АНУ болон Норвеги хэдийнэ бүрэн хүчин чадлаараа хий шахаж байгаа. Дээр нь АНУ-ын шингэрүүлсэн хийн экспортын 54 хувь нь Европыг чиглэж байгаа нөхцөлд Азийн худалдан авагчидтай үнэ хаялцах шаардлагатай болно. Өөр нэг хувилбар бол хэрэглээгээ бууруулах ч Европын хэрэглэгчид энэ сэдвийг сөхөхийг ч хүсэхгүй байгаа. Тэгэхээр сүүлийн хөзөр бол Орос.
Европ Оросын хийнээс татгалзах урт хугацааны стратегийн дараагийн шат 2027 оны нэгдүгээр сарын 1-нд эхэлж Европын холбооны 27 улсыг ОХУ-аас шингэрүүлсэн хий худалдан авахыг бүрэн хориглоно. 2027 оны намар гэхэд далай болон хоолойгоор дамжуулж авах хийнээс татгалзах юм. Гэвч бодит байдал дээр Оросын хийн цорго хаагдаагүй Европын нийт эрэлтийн 12 хувийг бүрдүүлж буй. Украины дайн үргэлжилж байгаа нөхцөлд Оростой эрчим хүчний түншлэлээ бүрэн сэргээх нь Европын улс төрд томоохон маргаан дэгдээх нь лавтай.
Нөгөө талд Европын холбоо буулт хийлээ ч Украиныг дэмжиж, дөрвөн жилийн турш зэр зэвсэгээр хангаж ирсэн Европт Орос найр тавьж, хямд үнэ, уян хатан нөхцөл тавих нь эргэлзээтэй. Үүнийг батлах мэт АНУ-ын тусгай элч Жаред Кушнер Оросоос Герман руу байгалийн хий нийлүүлдэг “Умардын урсгал” хоолойг Америкийн хөрөнгө оруулалтаар шинэчлэхээр Путины ойрын зөвлөх Кирилл Дмитриевтэй ойр ойрхон уулзах болсон. Украин, Оросын хооронд эв зангидахыг хичээж буй Кушнер бизнесийн хамтын ажиллагааг энх тайвныг тогтоох гол хөшүүрэг гэж үзэж буй. Трампын хүргэн Кушнер “Умардын урсгал”-ыг тохирч чадвал дайн дууссаны дараа Америкийн хөрөнгө оруулагчид Европ руу чиглэсэн эрчим хүчний урсгалаас асар их ашиг олно. Германы улс төрийн хүрээнийхэн болон Польш, Балтийн орнууд энэхүү яриа хэлэлцээг “Европт өндөр өртөгтэй тусах бохир хэлцэл” хэмээн шүүмжилж байна. Гэхдээ үнэ өсөж, нийлүүлэлт хомсдох үед улс төрийн хатуу байр суурь ч эдийн засгийн дарамтын өмнө сулардаг.
Оросын хийн хараат байдлыг хазаарлах Европын шинэ эрчим хүчний тогтолцоо хэр зэрэг найдвартай ажиллах вэ гэдгийг энэ өвөл жинхэнэ утгаар нь сорих аж.