
Өмнөд Солонгосын нэгэн эр Сөүл хотын их дэлгүүрт бөмбөг дэлбэлнэ хэмээн цахим орчинд хуурамч заналхийлэл бичиж, цагдаагийн өргөн хүрээний ажиллагаа явуулахад хүргэсэн тул 12.5 сая воны зардлыг төлөхөөр болжээ.
Сөүлийн шүүх уг заналхийлэлд хариу арга хэмжээ авахад зарцуулсан улсын төсвийн хөрөнгийг эргүүлэн төлөх ёстой гэж шийдвэрлэснийг цагдаагийн байгууллага лхагва гарагт мэдээлэв.
Нийт зардал 12 567 881 вон болсон байна. Үүнд цагдаагийн алба хаагчдын зардал, илүү цагийн хөлс, шатахуун болон хоолны зардал багтжээ. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, цахим орчинд тавьсан заналхийлэлтэй холбоотой аюулгүй байдлын ажиллагааны зардлыг бүрэн нөхөн төлүүлэх шийдвэрийг шүүхээс гаргасан анхны тохиолдол болж байна.
20 гаруй насны уг эрэгтэй 2025 оны наймдугаар сард YouTube-д “Шинсэгэ их дэлгүүрийг дэлбэлнэ” гэсэн утгатай заналхийлэл нийтэлжээ. Уг нийтлэлийн дараа цагдаагийн байгууллага их дэлгүүрийн орчимд 277 алба хаагчийг илгээн тус газрыг нэгжиж, эргүүлийн хяналтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ заналхийллийн эзнийг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Эцэст нь цагдаа нар заналхийллийг нийтэлсэн этгээдийг тогтоож, Сөүлээс зүүн өмнө зүгт ойролцоогоор 290 км-ийн зайд орших Өмнөд Кёнсан мужийн Хадун хотод баривчилсан байна. Түүнээс ямар нэгэн тэсрэх төхөөрөмж илрээгүй аж.
Үүний дараа цагдаагийн байгууллага ажиллагаанд зарцуулсан зардлыг нөхөн төлүүлэхээр уг эрэгтэйн эсрэг иргэний нэхэмжлэл гаргажээ. Шүүх Засгийн газрын талд шийдвэр гаргаж, нийт зардал болох 12 567 881 воныг бүрэн төлөхийг үүрэг болгосон байна.
Энэхүү шийдвэр нь цахим орчинд тавьсан заналхийлэл олширч, улмаар цагдаагийн байгууллагыг их хэмжээний хүч хэрэгсэл дайчлахад хүргэж буй үед гарч байна.
The Korea Herald сонины мэдээлснээр, цагдаагийн байгууллага 2025 онд Өмнөд Солонгос даяар цахим орчинд тавьсан 177 удаагийн бөмбөгийн заналхийллийг бүртгэжээ.
Үүнтэй төстэй хэрэг 2023 оны наймдугаар сард гарч байсан. Тухайн үед цахим орчинд Жэжү зэрэг таван нисэх онгоцны буудалд тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх худал мэдээлэл нийтэлж, цагдаагийн байгууллага хариу арга хэмжээ авахаар 571 алба хаагчийг дайчилжээ. Хуурамч заналхийлэл нийтэлсэн этгээдийг баривчилж, хоёр жил зургаан сарын хорих ял оноосон бөгөөд тусдаа иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр 29.28 сая вон буюу төлүүлэхээр шийтгэжээ. Тэрбээр уг нийтлэлийг “цагдаа нар намайг барьж чадах эсэхийг шалгахын тулд” оруулсан гэж мэдүүлсэн юм.
Сүүлийн шийдвэрийн дараа цагдаагийн байгууллага хуурамч заналхийлэл үйлдсэний үлмаас үүссэн санхүүгийн үр дагаврыг олон нийт бус, харин уг заналхийллийг хийсэн этгээд өөрөө хариуцах ёстой гэж мэдэгдэв.
“Ганцхан хуурамч заналхийлэл ч цагдаагийн байгууллагыг өргөн хүрээнд дайчлах шаардлага үүсгэж болдог ч энэ зардлыг эцсийн дүндээ татвар төлөгчид хариуцдаг” гэж цагдаагийн байгууллага мэдэгджээ.
“Олон нийтэд заналхийлэл хийсэн этгээдүүдийг хатуу шийтгэж, үүнээс үүдэн гарсан хохирлыг бүрэн хариуцуулах болно” гэж нэмж хэлсэн байна.