
Венесуэлийн газар хөдлөлтийн нуранги дороос найм хоногийн дараа хүн аварсан тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Онцгой байдлын ажилтнууд 140 тонн жинтэй нурангин дор амьд хүн байгааг олж тогтоосноос хойш, 100 гаруй цагийн турш тасралтгүй ажилласны эцэст эсэн мэнд гаргаж авчээ. Аврагдсан эрийг Хернан Гиль гэдэг бөгөөд газар хөдлөлт болох үед Катиа Ла Мар хотын худалдааны төвийн зогсоолд харуулаар ажиллаж байжээ. Харуулын жижиг бүхээг нь түүнийг бетон нурангиас хамгаалж, агаарын зай үүсгэсэн хамгаалалтын бүрхүүл болж чадсан байна.
Чили улсаас ирж гамшгийн голомтод ажиллаж буй аврагч энэхүү ажиллагааг "Миний амьдралдаа оролцож байсан хамгийн ээдрээтэй, техникийн хувьд хамгийн хүнд даалгавар байлаа" хэмээв.
Коста Рикагийн Улаан загалмайн нийгэмлэгийн эмнэлгийн ажилтан Аллан Мадригал сэтгүүлчдэд мэдээлэхдээ, Гиль энэ хүнд сорилтоос "ямар ч бэртэл гэмтэлгүй, цоо эрүүл" гарч ирсэн гэжээ. Мадригал бол өнгөрсөн ням гарагт нурангин дороос Гилийн тусламж эрэн сулхан хашхирахыг анх сонссон аврагч юм. "Үнэхээр сэтгэл хөдөлгөж, нулимс унагаам мөч байсан. Эхлээд би чихэндээ итгээгүй тул хажуугийн хамтрагчаасаа надад хий юм сонсогдоод байна уу, шалгаад өгөөч гэж хүссэн" хэмээн тэрбээр дурсжээ. Тэр мөчөөс эхлэн аврагчид хамгаалалтын ажилтныг ухан гаргахаар цаг хугацаатай уралдаж эхэлсэн байна. Аврах ажиллагааны явцад Венесуэл, Чили, Коста Рика, Эль Сальвадор, Мексик, Португал болон АНУ-ын аврах багууд хамтран ажилласан бөгөөд Гильд нарийн хоолойгоор дамжуулан ус өгч, дусал залгаж байжээ. Аврагчдын ухсан хонгилын зарим хэсэг хэд хэдэн удаа нурж, аврагчид болон Гильд аюул тулгарч байсан ч тэд бууж өгөөгүй юм.
Зургаадугаар сарын 24-нд Венесуэлд болсон дараалсан газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 2300-д хүрсэн нь албан ёсоор батлагдсан ч олон арван мянган хүн сураггүй хэвээр байна.