
Тавдугаар сарын 12-нд нийтлэгдсэн TIME сэтгүүлийн танилцуулгад Люпита Нионго “The Odyssey” кинонд Тройн Хеленийн дүрийг бүтээх нь албан ёсоор батлагдсан. Тэрээр мөн Хелений эгч Клитемнестрагийн дүрийг давхар бүтээх аж.
Уг нийтлэл Илон Маскийн хэдэн сарын өмнөөс эхлүүлсэн маргааныг дахин дэвэргэв.
Маск X платформ дээр “Нолан шагнал авахыг хүсэж байна” хэмээн бичиж, дүрүүдийн арьс өнгийг өөрчилсөн жинхэнэ шалтгаан нь энэ гэж үзжээ.
Түүний энэхүү мэдэгдэл нь Оскарын “Best Picture” ангилалд нэр дэвшихэд мөрдөгдөх төлөөлөл ба оролцооны стандартын тухай нийтлэлд хариу болгож гарсан байна. Гэвч эдгээр стандарт нь зөвхөн жүжигчдийн сонголт бус киноны сэдэв, удирдлага, багийн бүрэлдэхүүн, үзэгч хөгжүүлэх бодлого зэрэг олон хүчин зүйлийг хамардаг байна.
Маск мөн өмнө нь Кристофер Нолантай “Inception” кинонд хамтран ажиллаж байсан Эллиот Пэйжийг ч уг кинонд тоглуулсныг шүүмжилжээ.
Тэрээр X дээр Пэйжийн эрэгтэйлэг төрхийг шоолсон постуудаа дахин түгээж “Нолан Гомерын булшин дээр дэвсэлж байна” хэмээн бичсэн. Маск өмнө нь ч Люпита Нионго сонгогдох тухай цуурхал гарсны дараа уг кино нь зохиолчийг доромжилж байна хэмээн ундууцаж байсан юм.
Тус постод Тройн Хеленийг “цайвар арьстай, шаргал үстэй, мянган хөлгийг хөдөлгөсөн үзэсгэлэнт эмэгтэй” хэмээн дүрсэлж, эрчүүд түүний төлөө дайн эхлүүлсэн гэж бичжээ.
250 сая ам.долларын төсвөөр бүтэж буй “The Odyssey” нь Ноланы замнал дахь хамгийн өндөр өртөгтэй кино гэж үзэж байна.
2026 оны долоодугаар сарын 17-нд нээлтээ хийхээр төлөвлөж буй “The Odyssey” киноны IMAX 70mm форматын үзвэрийн тасалбар нээлтээс бүтэн жилийн өмнө бүрэн зарагдсан байна.
Маскийн эхлүүлсэн шагналын талаарх маргаан нь киноны орлогод эерэг эсвэл сөрөг нөлөө үзүүлэх эсэх нь цаг хугацааны явцад тодорхой болох юм.