Ерөнхий сайд Г.Занданшатар Алтанбулаг хилийн боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын нээлтэд оролцлоо. 14.9 тэрбум төгрөгөөр тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээ 1.7 км авто зам, 7000 метр квадрат авто зогсоол, 30000 мет квадрат доторх талбай, иж бүрэн инженерийн шугам сүлжээг ашиглалтад оруулав. 7.8 сая ам.долларын санхүүжилтээр олон улсын стандартын боомтын барилга, ногоон байгууламж, ухаалаг цахим гарц, хяналтын рентген болон лабораторийн иж бүрдлийг бүрэн ашиглалтад орууллаа.

Төслийн хүрээнд зорчигч тээврийн 19, ачаа тээврийн 18, дэд бүтцийн таван барилга, 6000 метр квадрат ногоон байгууламж барьж байгуулав. Тус боомтоор өмнө нь жилд 600-900 мянган зорчигч, 200-400 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрч байсан бол боомтыг өргөтгөснөөр 1.5 саяас хоёр сая зорчигч, 600-800 мянган тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтой боллоо. Энэхүү бүтээн байгуулалт нь улсын төсөвт дарамт учруулахгүйгээр олон улсын түншлэлийг ашиглан (Азийн хөгжлийн банкны нэн хөнгөлөлттэй зээл) хөрөнгө оруулалт татаж, эдийн засгийн өсөлтөд шууд хувь нэмрээ оруулж буй бодит жишээ болж байна.

Нээлтийн үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар "Монгол Улс Евразийн 183 сая хүн, 2.4 их наяд ам.долларын зах зээлд нэвтрэх, экспортын төрлийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд Алтанбулаг боомт тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, Монгол Улс бүс нутгийн тээвэр, логистикийн гол тоглогч болоход чухал хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гэв.