
БНСУ-ын боловсролын бодлогын дээд байгууллага болох Үндэсний боловсролын хороо их, дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалт (CSAT)-ын шинэчлэлийн хүрээнд эсээ болон бичгийн хэлбэрийн хариултыг үнэлэхдээ хиймэл оюун ухаан (AI) ашиглах боломжийг судалж байна. Энэ нь үнэлгээний шударга, бодитой байдлыг хангах зорилготой юм.
Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний боловсролын хороо боловсролын бодлогын шинэчлэлийн төлөвлөгөө боловсруулж эхэлсэн бөгөөд уг төлөвлөгөөнд бүх хичээлд бичгийн болон эсээ хэлбэрийн асуулт нэвтрүүлэх, мөн их сургуулийн элсэлтийн шалгалт болон ахлах сургуулийн үнэлгээг харьцангуй үнэлгээний тогтолцооноос абсолют үнэлгээний системд шилжүүлэхээр тусгажээ.
Тус хороо ирэх оны гуравдугаар сард эцсийн төлөвлөгөөг батлахаас өмнө олон нийтийн санал авч байгаа аж.
Төслийг хариуцаж буй өндөр албан тушаалтан The Korea Times-д өгсөн ярилцлагадаа "Эсээ хэлбэрийн үнэлгээний хувьд олон нийтийн хамгийн их санаа зовдог асуудал нь шударга үнэлгээ байдаг. Үүнийг шийдвэрлэх боломжит хувилбаруудын нэг болгон AI ашиглах асуудлыг бид судалж байна" гэжээ.
Лхагва гарагт Сөүл хотын Чон Ва Дэ ордонд болсон бодлогын танилцуулгын үеэр Үндэсний боловсролын хорооны дарга Ча Жон Ин одоогийн таван сонголттой тестийн тогтолцоог шүүмжилжээ.
Тэрээр "Олон сонголттой асуулт гэдэг нь эцсийн дүндээ бусдын бэлтгэсэн хариултаас сонгохтой адил. Харин сурагчид өөрсдийн хариултыг өөрсдөө бичдэг болох хэрэгтэй. Хэрэв их, дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтад бичгийн үнэлгээг нэвтрүүлбэл сургуулиудын сургалтын арга барил ч өөрчлөгдөнө" хэмээн онцолсон байна.
Мөн эсээ хэлбэрийн асуултыг нэмэгдүүлэх нь анги доторх сургалтын арга барил болон сурагчдын суралцах дадлыг өөрчилж, ном унших соёл, шүүмжлэлтэй сэтгэлгээ, бүтээлч чадварыг хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Ерөнхийлөгч И Жэ Мён мөн энэхүү байр суурийг дэмжиж, одоогийн шалгалтын хэлбэрийг AI-ийн эринд тохирохгүй гэж үзжээ. Тэрээр "насанд хүрэгчдийн үнэлгээ хийхэд амар, хялбар байх гэсэн шалтгаанаар хүүхдүүдийн боловсролыг золиослох ёсгүй" хэмээн мэдэгдсэн байна.
Шинэчлэлийн өөр нэг чухал санал нь одоогоор зөвхөн англи хэл болон Солонгосын түүхийн хичээлд мөрдөгдөж буй абсолют үнэлгээний тогтолцоог солонгос хэл, математик болон сонгон судлах хичээлүүдийг багтаасан бүх их, дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтад өргөжүүлэх асуудал юм.
Абсолют үнэлгээний системийн дагуу тогтоосон босго онооноос дээш авсан бүх шалгуулагч ижил үнэлгээ авдаг бол одоогийн харьцангуй үнэлгээний тогтолцоонд зөвхөн шилдэг 4 хувь нь хамгийн өндөр үнэлгээ авдаг.
Албаныхан ийм өөрчлөлт хийснээр сурагчдын хоорондын "хэт ширүүн, төгсгөлгүй өрсөлдөөн"-ийг бууруулж, шалгалтын дарамтыг багасгана гэж үзэж байна.
Үүнээс өмнө Боловсролын яам энэ оны хоёрдугаар сард AI ашиглан англи хэлний шалгалтын эх боловсруулах систем хөгжүүлэхээр болсон. Уг системийг 2028 оны хичээлийн жилийн туршилтын шалгалтад ашиглахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн юм.
Гэсэн хэдий ч шүүмжлэгчид AI-д суурилсан "объектив" үнэлгээ нь тухайн системийг хэрхэн зохион байгуулж, сургаж хөгжүүлснээс бүрэн хамаарна гэдгийг анхааруулж байна.
Солонгосын Багш, боловсролын ажилтны үйлдвэрчний эвлэл их сургуулийн элсэлтийн шалгалтад эсээ хэлбэрийн үнэлгээ нэвтрүүлэх нь шалгалтын тогтолцоог үндсээр нь өөрчлөх хэмжээний асуудал гэж үзэж үндэсний боловсролын шинэчлэлийн төлөвлөгөөг эцэслэхээс өмнө бүх талууд байр сууриа хангалттай илэрхийлэх боломжийг бүрдүүлэхийг уриалжээ.