
Эрх баригчид асуудалтайгаа бус иргэдтэй тэмцдэг. Хүмүүс сүүлийн жилүүдэд ийн шүүмжлэх болсон. Үнэхээр ч он гарснаас хойш улстөрчид болон дарга нарын асуудалд хандах хандлага нийгмийн гажуудсан системийг засахад бус өөрийнх нь алдаа дутагдлыг цахимд ил хэлж, нийтэд үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэйгээ тэмцэх болж хувирсан билээ. Гэтэл өдгөө асуудлыг байшин, барилга болгож хувиргаад социализмын үеийн лоозон адил гоё нэр бодож олуут дээр нь хаддаг заншлаа үргэлжлүүлэх ажлыг гүйцэтгэж байна.
Хэдхэн хоногийн өмнө тохиосон хүүхдийн баяраар Ерөнхий сайд Н.Учрал “Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний хувьд, 4 хүүхдийн эцэг хүний хувьд ч хүүхэд хөгжлийн ордон нэгээр нэмэх шийдвэр гаргалаа. Сүхбаатарын талбайн баруун талд, хотын төв цэгт орших хуучин хотын захиргааг "Хүүхэд хөгжлийн ордон" болгож байна” хэмээсэн. Мөн шинэхэн томилогдсон, нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва нэг дор 1000 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий дөрвөн улирлын хүүхдийн зусланг барихаар амласан. Ер нь зургаан сарыг, хүүхдийн баярыг угтаж эрх баригчид сайхан амлалтууд өгдөг. Харин эдгээр нь хэрэгжиж, хүүхдүүдийн өмнө саруул ирээдүй бий болсон уу гэвэл үгүй.
Үнэндээ иргэдэд хүүхэд хөгжлийн төвөөс илүүтэй цэцэрлэг, сургууль хэрэгтэй. Жил бүр л хөндөгддөг цэцэрлэг, сургуулийн хүртээмжийн асуудлаа шийдээгүй атал дахин нэг хүүхэд хөгжлийн төв барихаар болов. Ерөөс энэ олон хөгжлийн төвүүд үнэхээр л нийгэм дэх асуудлыг шийдэж, иргэдээ, хүүхдүүдээ хөгжүүлж, үр ашгаа өгсөн бол өдийд бид цэнгэлийн манлайд хүрчих байв.
Тэгэхээр гол асуудал юунд байна вэ? Талбайн дэргэдээс урагш алхвал ердөө хоёр уулзвар өнгөрөөд л Монголын хүүхдийн ордны байгууламжийн үүдэнд ирнэ. Харин хойшоо гурван уулзвар өнгөрөөд Хүүхдийн урлан бүтээх төв гэж бий. Аль аль нь угтаа хүүхэд хөгжлийн төвүүд. Мэдээж үйл ажиллагааны чиглэлүүд нь ялгаатай. Гэтэл хүүхдийн нэрээр дахин нэг ордон барьж, түүндээ дарга, цэрэг томилох, ажилтнуудын цалин хөлс зэрэг олон асуудлыг ноёдууд маань өөрсдөө үүсгэж суух. Асуудал нь ард бидний халаас руу гараа шургуулах татварын дээрэм болж тусна уу гэхээс хэнийг тендерт шалгаруулж, ямар компани гүйцэтгэлийг нь хийх үү гэдэг дээр шатар тоглох хэдэн дарга нарын толгой дээр буух биш дээ, ямар.
Тиймээс дахин нэг ханан дундах, хөрсөн дээрээ буудаггүй үйлчилгээ үзүүлдэг байгууламж дунд хэдэн дарга нар хашиж, хүүхдийн нэрээр туйлуулахаасаа өмнө эл шийдвэрийг бодож үзэх хэрэгтэй юм даа, уг нь.
Монголын хүүхдийн ордон бол хүүхэд хөгжлийн байгууллага. Тэнд олон дугуйлан сургалтууд байдгаас гадна урлаг, уран сайхны сургалтаар дамжуулан гоо зүйн боловсрол ч олгодог. Басхүү улсын болон хотын шинж чанартай уралдаан тэмцээнүүд тогтмол болдог. Үнэхээр анги танхим хүрэлцэхгүй, үйлчилгээ муу байдаг бол яая, гэхсэн. Эхлээд үүнийг тодруулмаар байгаа юм. Ийм төрийн байгууллага байхад нэмж хүүхдийн нэрээр хөгжлийн ордон барих нь МАН энд, тэнд даргаар томилж суулгадаг хэдэн эмэгтэйчүүдээ эрхлүүлж байгаа мэт л хардлага төрүүлнэ. Төр гэдэг иргэдийнхээ амьдралыг хөнгөвчлөхийн тулд үйлчилгээ үзүүлдэг байгууллага болохоос биш өөрийнхөө хийсэн ажлыг харуулах үзэсгэлэн гаргадаг газар биш. Гэтэл манайд эсрэгээрээ болжээ. Барилга барих нь хөгжлийн хэмжүүр мэт ойлгогдож, тэр барилгынхаа зориулалтыг бодох нь хамгийн сүүлд тавигддаг. Хүүхдэд хэрэгтэй юу, ашиглагдах уу, хүртээмжтэй юу гэдэг асуулт бараг үгүй. Адаглаад л тухайн талбайд зогсоолын хүрэлцээ маш муу. Гэтэл тууз хайчилж зураг авах боломжтой юу гэдэг л хэдэн дарга нарт чухал. Ингээд л асуудлыг шийдээгүй атлаа шийдсэн дүр үзүүлж, төсвийн мөнгөөр тоглох ээлжит байгууламжууд босдог.
Харин Хүүхдийн урлан бүтээх төвийн хувьд асуудал бүр ярвигтай. Хуучин Пионерийн ордон нэртэй байсан эл газарт мөн л олон хүүхэд сурч боловсорч, дэгжиж, бүтээл туурвилын замаа эхлүүлж ирсэн. Өдгөө ч үйл ажиллагаа нь хэвээрээ. Хамгийн гол нь тус барилгын дотор нь оруут мэдрэгдэх үнэ цэн, өндөр тааз, хээлсэн багануудын чамин хийцийг бахдахгүй байхын аргагүй. Гэтэл нурах шахсан, гар хүрээгүй, олон жил засварлаагүй болохыг булан тохой, таазны хэлтэрсэн шохой бүр нь илчилнэ. Угаас эрх баригчдад маань засварлахгүй байсаар байгаад нурсных нь хойно нэг шилэн цамхаг босгох санаа байгаад байх шиг. Эргэн тойрных нь газар, гүйлтийн зам, хөлбөмбөгийн талбай гээд ёстой л хүүхэд хөгжих боломжтой газар бүрийг нь зарсан. Оронд нь бетонон ширэнгэ л боссон. Одоо дахин нэгийг шинэчилж, түүндээ “хүүхдийн хөгжил”-тэй холбоотой гоё нэр онооно. Уг бол чөлөөтэй алхах, гүйх зам талбай, ногоон байгууламж хэрэгтэй. Магадгүй хуучин захиргааны барилгаа нураагаад бага ч болов тоглоомын талбай барьчихвал хүүхэд хөгжилд тус нэмэртэй ажил болно гэдгийг улстөрчдийн олон жил тарьсан балгаас томчууд гадарлана даа.
Нэгэн жишээ аваад үзье. 2021 онд тухайн үеийн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ мөн л олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулж, хуучнаар "Бамбарууш кафе"-г тус оны есдүгээр сарын 1-нд сэргээж, хүүхдэд зориулсан чиглэлээр ашиглана гэж мэдэгдсэн. Өдгөө таван жил талийж одсон боловч эл ажил ор тас мартагдсан. Ерөнхий сайд өдгөө огцорсон хэдий ч үнэхээр хүүхдийн төлөө сэтгэлтэй байсан ажлаа гүйцэтгэх бүхэл бүтэн дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаа түүнд байлаа. Тухайн үед “Моннис групп”-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Өмчлөл бол манай компани дээр байгаа. Бид их олон жил зэрлэг капитализмын замаар явлаа. Одоо жаахан нийгмийн хариуцлагын үүднээс, хүүхдийн төлөө, төртэйгөө хамтарч үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Ерөөс үйл ажиллагааг нь цэвэр хүүхдийн төлөө болгож өөрчлөх юм” хэмээсэн. Харин өдгөө түрээсэлж, худалдаа үйлчилгээ эрхэлдэг "Эвсэг кашмер” ХХК-ын ажилчдаас асуухаар “Удирлагаас асуу. Бид юм мэдэхгүй” гэж хариулдаг. Ер нь монголд хүүхэд хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 151 барилга, байгууламж бий. Тэдгээрээс зориулалтын бусаар ашиглаж буй 14 барилга илэрсэн байдаг. Өдгөө тэдгээрийн асуудал ч бас мартагдсан. Улаанбаатар хотын төвд төвлөрсөн байгууламжуудын тоо хангалттай их.
Үнэндээ төрийн үйлчилгээний гол асуудал нь байшин дутсандаа биш зохион байгуулалт үгүйд байгаа юм. Аливаа асуудлыг шийдэхийн тулд шинэ агентлаг байгуулна. Дараа нь шинэ газар бий болгодог, заримдаа дээрэмдэж авдаг. Тэгээд шинэ ордон босгоно. Харин өмнөх байгууллагууд нь юу хийж, тэдэнд ямар асуудал тулгарч байгаа талаар хэн ч сөхдөггүй. Ингэсээр бүтэц томорч, төсөв тэлж, үр ашиг нь улам бүдгэрдэг. Эцэст нь татвар төлөгчид л зардлыг нь үүрнэ. Тэр нь та бид, таны бидний үр хүүхэд.