
Өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр хуралдсан МАН-ын Бага хурлын дараагаас эрх баригч намын даргын суудлын төлөөх тэмцэл төрийн гацаа болж хувирав.
Бага хурлаас олонхын санал авч чадаагүй Ерөнхий сайд Г.Занданшатар мягмар гарагт мэдэгдэл хийхдээ УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон хэмээн зарлаж Засгийн газартаа сэлгээ хийн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилж буйгаа зарласан.
Үүний араас МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаасаа хөөх шийдвэр гаргалаа. Уг шийдвэрийг эсэргүүцэн УИХ-д шинээр сонгогдсон гишүүд МАН-ын бүлэг, цаашлаад МАН-аас гарахдаа хүрэхээ мэдэгдсэн нь хоёрхон хоногийн өмнө. Нөгөө талд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-д дарамт үзүүлж Байнгын хороодыг ирцээр бойкотлож байна хэмээн шүүмжлэв.
Парламент дахь сөрөг хүчин ч зүгээр суусангүй, эрх баригч намыг дотоод зөрчлөө нэг мөр шийдэгдэх хүртэл УИХ-д өргөн баригдсан Монгол Усын 2026 оны нэгдсэн төсвийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах, төслөө эргүүлэн татахыг шаардав. Мөн авлига, албан тушаалын хэрэгт нэр дурдагдсан Д.Амарбаясгаланг олон нийт итгэх хэмжээний тайлбар, мэдүүлгээ өгтлөө УИХ-ыг удирдах эрхгүй хэмээн үзэж УИХ-ын чуулганы хуралдааныг орхин гарав.
Ийнхүү эрх баригч намын дотоод зөрчил хурцадсаар баасан гарагт 126 гишүүнтэй парламент анх удаа хуралдаанаа цуцлав. Парламентын түвшинд Байнгын хороод ирцийн бойкотоос болж хуралдаж чадахаа больж, Засгийн газрын яамдын ажил үндсэндээ хүлээлтийн байдалд шилжин МАН-ын дотоод тэмцэл одоо монгол төрийн зовлон болж хувирлаа.
УИХ 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа. Ирэх оны төсөвт СЕХ-ны хүсэлтийг бүрэн шийдвэрлэж сонгуулийн санал тоолох машиныг шинэчлэхгүй бол хүндрэл үүсэхээр байгааг тус хорооны дарга П.Дэлгэрнаран хэлж байлаа.
Тэрээр "Санал тоолох төхөөрөмж 3000 ширхгийг хэрэглэдэг. Цаашдаа энэ тоо сонгогчдынхоо тоог дагаад өснө. санал тоолох төхөөрөмжүүдээ шинэчлээд 3000-ыг авах шаардлагатай болсон. 2012 онд худалдаж авсан төхөөрөмжийнхөө ашиглалтын хугацааг гурван удаа сунгасан. Дахин сунгах ямарч боломжгүй. Хэрэв сунгавал сонгогчид итгэхгүй хардлага үүснэ. Тиймээс заавал шинэчлэх шаардлагатай. Одоогийн байдлаар ашиглалтын хугацаа бүрэн дуусаад ашиглалтаас гарсан 2493 төхөөрөмж бий. 2027, 2028 оны сонгуулиудад 3000 төхөөрөмж шаардлагатай гэж үзээд Сангийн яаманд шинээр авах хүсэлтээ өгсөн. Өнгөрсөн онд ч өгсөн. Хавар төсвийн тодотгол хэлэлцэхэд ч хүсэлтээ гаргасан. Гэтэл түр байж бай гээд хойшлуулсаар ирсэн. Дахиад хойшлуулах хугацаа байхгүй. 3000 төхөөрөмж авахад 41 тэрбум 720 сая төгрөг шаардлагатай. Сангийн яам ирэх оны төсөвт 12 тэрбум 516 сая төгрөг буюу 1000 төхөөрөмж авах мөнгийг л суулгаж өгсөн. Энэ байдлаараа явбал 2027, 2028 оны сонгуулиар төхөөрөмжүүдээ бүрэн шинэчилж чадахгүй нь. 2027 онд төхөөрөмжүүдээ бүгдийг нь авлаа ч бид программ хангамжийг нь хийж зүгшрүүлэх, хүмүүсээ сургах хугацаа маш хомс болно" гэв.
“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн өндөр даралтын хэсэгт гарсан осолтой холбоотой үүссэн техникийн асуудлуудыг цаг алдалгүй арилгах, гэмтсэн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, галд өртсөн барилга байгууламжийг буулгах, сэргээн босгох чиглэлээр таван үндсэн арга хэмжээ хэрэгжүүлж байгааг танилцууллаа. 2025 оны зургаадугаар сарын 20-ноос тус дулааны цахилгаан станцад онц байдал тогтоож, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр Н.Тавинбэхийг томилсон.
Тэрээр "Гуравдугаар цахилгаан станцад гарсан ослын уршгийг арилгаж хэвийн болгох ажлын хүрээнд таван багц ажил хийгдэх ёстой. Үүнээс гурвыг нь өвлийн ачааллаас өмнө дуусгана. Өнөөдрийн байдлаар 90 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байна. Үлдсэн хоёр ажлыг нь ирэх өвлийн ачааллаас өмнө дуусгахаар төлөвлөж байгаа. Гурван багц ажлыг нь хийж дуусгаснаар III цахилгаан станцаас шалтгаалсан ямар нэгэн саатал, доголдол үүсэхгүй. Хэвийн хэмжээнд ажиллана. Гэхдээ цахилгаан станц өнгөрсөн онд нийлүүлж байсан дулаан, цахилгааныхаа 50 хувьтай дүйцэхүйц дулаан, цахилгаан нийлүүлнэ. Үлдсэн 50 хувийг нь шинэ эх үүсвэрээс хангахаар ажиллаж байна.
III цахилгаан станц эрсдэлтэй хэвээрээ байгаа. Ягаад гэвэл, 58 жил ашигласан энэ станцын ашиглалтын хугацаа дууссан. Ослоос үүдэлтэй сэргээн босголтын хүрээнд дөнгөж 30 хувийг нь шинэчилж байгаа. Үлдсэн 70 хувийг шинэчлэх шаардлагатай. Үүний санхүүжилтийг улсын төсвийн хөрөнгөөс гаргаж өгөхийг Засгийн газраас хүсэж байгаа.
Өвлийн оргил ачааллын үед дулаан, цахилгааны хэрэглээ тооцоолсон хэмжээнээс давахгүй бол хязгаарлалт хийхгүй" гэлээ.
Өнгөрсөн долоо хоногт ахмадын баяр тохиолоо. Монгол Улс 1992 оноос ахмадын өдрийг тэмдэглэж буй. eagle.mn ганц энэ өдөр бус жир үед ч ахмадуудын эрх хамгаалагдаж, амьдрах таатай орчин, нөхцөлөөр хангагдаж байх учиртай сэдвийг хөндлөө.
Улсын хэмжээнд нийт 334.7 мянган ахмад настан байна. Өөрөөр хэлбэл, манай улсын нийт хүн амын 8.6 хувийг ахмадууд эзэлж байгаа юм. Энэ тоо цаашид улам нэмэгдэнэ. “Хүн амын 2015-2045 оны шинэчилсэн хэтийн тооцоо”-ны үр дүнд үндэслэн 55 ба түүнээс дээш насны ахмадуудын нийт хүн амд эзлэх хувийг тооцож үзэхэд 2030 онд 11.9 хувь болох бөгөөд 2050 он гэхэд таван хүн тутмын нэг нь 60, түүнээс дээш насных болох магадлалтай .
Насжилт нэмэгдэж, хүмүүс илүү урт хугацаанд, чанартай амьдарна гэдэг сайн хэрэг. Гэхдээ энэ хэрээр ахмадын асрахуйн асуудал улам хурцаар яригдана. Хүн амын хэтийн тооцооллоор 2050 он гэхэд Монгол Улсын хүн ам таван саяд хүрч, ахмад настнууд 20 хувийг эзэлж, нэг саяд хүрнэ гэдэг. Тэр хүртэл ахмад настны асрахуйн асуудалд анхаарахгүй хэвээр байвал нэг сая иргэний эрх ашиг орхигдоно. Түүгээр ч зогсохгүй нийт ахмадын 10 хувьд нь байнгын асаргаа шаардлагатай гэж үзэхэд 100-200 мянган хөдөлмөрийн насны хүн аав, ээжийгээ асарч, ажил хийх боломжгүй болох дүр зураг харагдаж байна.
Тэтгэвэрт гарсан ахмадуудын 67.5 хувь буюу 180 мянга нь ямар нэгэн ажил, хөдөлмөр эрхлэх хүсэлтэй байдаг. Гэвч ердөө нийт ахмадуудын 20.7 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Энэ бол ахмадууд хүссэн хүсээгүй хөдөлмөрийн зах зээлээс шахагддагийн нотолгоо юм.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар Монголд 506 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 385 мянган ахмад настан тэтгэвэр авдаг байна. Тэдний 60 хувь нь тэтгэврийн зээлтэй. Хамгийн эмзэглэм нь, ахмадын тэтгэвэрийн зээл сургалтын төлбөр, байр, автомашин худалдах авахад буюу ахмад настан өөртөө биш үүр хүүхдэд нь зарцуулагддаг байна.
Ахмад настнуудын эрх алхам тутам зөрчигддөг болохыг олон судалгаа гэрчилнэ. Мөн ахмад настнууд ялгаварлан гадуурхалттай тулгарч байгаа гомдлууд Хүний эрхийн үндэсний комисст тогтмол ирдэг аж. Ахмадуудыг үеэ өнгөрөөсөн, тэтгэврийн хүмүүс гэх мэт хандлага нийгэмд тогтсон нь тэдний нэр төр, оролцооны эрхэд сөргөөр нөлөөлдөг төдийгүй төрийн болон нийгмийн үйлчилгээг авахад тэднийг үл тоомсорлох, дуу хоолойг нь сонсохгүй байх хандлага түгээмэл ажиглагддаг байна. Түүгээр ч зогсохгүй ахмад настнууд бие махбодын, эдийн засаг, сэтгэл санааны, үл хайхрах хэлбэрийн хүчирхийлэлд ч өртөж байна. ХЭҮК-ийн судалгаанд дөрвөн ахмад тутмын нэг нь гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг болохыг тогтоосон байна. Түүнчлэн ахмад настныг гэртээ орхиод, үр хүүхэд нь ажилтай гэх шалтгаанаар олон хоногоор тоохгүй байх, өдөр тутмын асаргаа, анхаарал халамж үзүүлэхгүй байх зэргээр үл хайхрах хүчирхийлэлд өртөх тохиолдол элбэг. Тус судалгаанд оролцсон ахмадуудын 60 гаруй хувь нь ганцаардлын асуудалтай байжээ.
Сүүлийн гурван жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас эрүүгийн гэмт хэрэгт 187, зөрчлийн хэрэгт 2358 ахмад настан өртжээ. Цаашлаад гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн улмаас хохирсон ахмад настны тоо 2021 онд 632 байсан бол өнгөрсөн оны байдлаар 968 болж, 34.8 хувиар нэмэгдсэн байна.