
Итали улсын театрт дуулж буй дэлхийн шилдэг дуучин, Монгол Улсын Ардын жүжигчин Энхбатын Амартүвшин Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг хүртсэн. Тэрээр түр хугацаагаар эх орондоо ирээд байгаа билээ.
Э.Амартүвшинд Итали улсын Ерөнхийлөгчийн зарлигаар /“Ordine della stella d'Italia”/ төрийн шагнал Оддын одон, офицер цол хүртээхээр болсон байна. Энэ талаар Итали улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жиованна Пиккаррета өчигдөр “Чингис хаан” музейд болсон арга хэмжээний үеэр албан ёсоор мэдэгдлээ.
Э.Амартүвшин нь 2009-2016 онд Дуурь бүжгийн эрдмийн театрт дуучнаар ажиллаж, одоо Итали улсад ажиллаж, уран бүтээлээ туурвиж байна.
Э.Амартүвшин дэлхийн сонгодог урлагийн дээжис болох “Кармен”, “Травиата”, “Риголетто”, “Евгений Онегин”, “Тоска”, “Айда”, “Троваторе” зэрэг алдартай дуурийн гол болон туслах дүрд амжилттай тоглож, дуурийн урлагийн гайхамшгийг Итали, Франц, Герман, Австри, Испани, Орос, Япон, Сингапур, Англи, Бельги, Америк, Унгар, Болгар, Хятад зэрэг дэлхийн олон орны томоохон театрын тайзнаас үзэгч олонд дуурсган толилуулж буй дэлхийн шилдэг баритон юм.
