
Канадын алдарт дуучин Селин Дион зургаан жилийн завсарлагааны дараах томоохон тайзны эргэн ирэлтдээ бэлтгэн Парист хүрэлцэн ирээд байна. Тэрээр Парисын "Le Royal Monceau" зочид буудалд ирэхэд нь олон арван шүтэн бишрэгч гадаа нь хүлээж байсан бөгөөд дуучин тэдэнд гар даллан мэндчилж, инээмсэглэн угтжээ. Энэ удаагийн айлчлал нь жирийн нэгэн аялал бус, түүний урт хугацааны тайзны эргэн ирэлтийн эхлэл болж байгаа юм.
Селин Дион энэ сарын 12-нд Парисын "Пленитюд арена"-д анхны тоглолтоо хийж, үргэлжлүүлэн аравдугаар сарын 17 хүртэл нийт 16 тоглолт хийхээр товлоод байна.
Энэхүү эргэн ирэлт Селин Дионы хувьд уран бүтээлийн төдийгүй хувийн амьдралын томоохон босго болж байна. Тэрээр 2022 онд ховор тохиолддог мэдрэлийн эмгэг болох хөшингө хүний хам шинжтэй гэдгээ олон нийтэд мэдэгдсэн бөгөөд эрүүл мэндийн шалтгаанаар “Courage World Tour”-ын аялан тоглолтоо цуцалж, тайзны идэвхтэй үйл ажиллагаанаас холдсон юм. Гэсэн ч 2024 оны Парисын Олимпын наадмын нээлтийн үеэр Эйфелийн цамхгийн орой дээрээс “Hymne à l’amour” дууг дуулсан нь түүний тайзнаа эргэн ирэх хүчтэй дохио болсон. Харин энэ удаагийн Парисын цуврал тоглолт нь ганц удаагийн ёслолын үзүүлбэр бус, бүтэн хэмжээний концертын хөтөлбөрөөрөө үзэгчидтэйгээ дахин уулзах гэж буйгаараа онцлог юм.
Дионы Парист ирсэн нь хотын хөгжмийн амьдралд ч нөлөөлж эхэлжээ. Түүний тоглолтыг үзэхээр гадаадын шүтэн бишрэгчид Парис руу олноороо зорьж байгаа бөгөөд нислэгийн хайлт, аяллын захиалга өссөн тухай шинэ мэдээллүүд гарав.. Мөн Дион зочид буудлынхаа гадна шүтэн бишрэгчидтэйгээ уулзаж, тэдэнтэй хамт дуулж, бүжиглэсэн нь түүний эргэн ирэлтийг улам дотно, сэтгэл хөдөлгөм болгожээ. Парисын тайзнаа “The Power of Love”, “My Heart Will Go On”, “Pour que tu m’aimes encore” зэрэг олон үеийн үзэгчдийн сэтгэлд үлдсэн дуунуудаа эгшиглүүлэх билээ.