
Монголын түүхэнд өөрийн нэрийг тодоор сийлж үлдээсэн сод хүмүүсийн намтар, тэдний үйл хэргийг зохиомжлон хүүрнэж, зургаар илэрхийлсэн "Монгол хүн" цуврал хэвлэгдэн гарав. Уг цувралын эхний хоёр ном их зохиолч Д.Нацагдорж, уртын дуучин Н.Норовбанзад, шинжлэх ухааны эрдэмтэн О.Намнандорж, уулчин Д.Гангаамаа, дархан аварга Х.Баянмөнх нарын тухай өгүүлэх юм. Тус бүтээлийг Монсудар хэвлэлийн газрын Жангар редакцаас эрхлэн гаргажээ.
Бид гадаадын сод хүмүүсийн бүтээл туурвил, тэдний гавьяаг шимтэн дуулах номуудыг уншиж, амьдралдаа жишээлэн авч, намтар, эрдэм боловсрол, амьдралын туршлагаас нь суралцахыг эрмэлздэг. Тэгвэл монголчууд бид ч өөрсдийн гэсэн сод хүмүүстэй. Тэдний нөр их хөдөлмөр, соён гэгээрлийн ажил, авьяас билгийг ирээдүйн хүүхэд залуустаа үнэн зөвөөр нь танин мэдүүлэхэд энэхүү цувралын үнэ цэн оршиж буй билээ.
ЗОХИОЛ - ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖ

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчийн нэг Д.Нацагдорж Ихэнх хүүхэд уг өгүүлбэртэй уран зохиолын сурах бичгээс анхлан танилцдаг. Харин өсөх тусам түүний товч намтар, ганц нэг шүлэг, хэд гурван өгүүлбэрийг уншихаас хэтрэхгүй. Өдгөө ч ялгаагүй Д.Нацагдоржийн "Бүрэн зохиол" хэмээх ботиуд нь эрдэм шинжилгээний ажилчид, номын сан, хэд гурвын зохиолчдын ширээн дээр цөөн тоотойгоор хэвлэгдэж хүрнэ. Тиймээс л нэгэн сод бичгийн хүмүүний үйл хэрэг, бүтээлүүдтэй тэр бүр танилцаж чаддаггүй. Бид өөрсдөө бэлдэж, бичиж туурвиж өгөөгүй учир "Хүүхэд маань ном уншихгүй байна. Нацагдоржийг сайн мэддэггүй" хэмээх нь тун буруу. Тэр л цаг мөчүүдэд "Д.Нацагдорж" зурагт ном хэвлэгдэн гарсан нь тун авууштай үйл хэрэг юм.
Уг бүтээлийг Жангар редакцын зураач Б.Төрмөнх зурж, зохиолыг нь мөн бийрлэжээ. Тус номд Д.Нацагдоржийн бага наснаас тодорсон бичгийн эрдэм, өсөх наснаас эрхэлсэн үйл хэрэг, цаашдын амьдралын туулсан замнал, Германд боловсрол эзэмшсэн байдал, хайр сэтгэл болоод эх орондоо буцсаны хойно хэрхэн хэлмэгдсэн зэрэг бүхий л амьдралыг нь тун товч, хүүхдэд ойлгомжтой байдлаар хүүрнэсэн аж.
Мөнхүү номын онцлууштай өөр нэг зүйл бол "Цаглавар". Д.Нацагдоржийн амьдралын чухал мөчүүдийг он цагийн хэлхээсээр нэг өгүүлбэрт багтаан тайлбарлаж, тэр бүрт нь зургаар баяжуулсан хавсралт хэсэг нь бага насны хүүхдүүд уншихад тун тохиромжтой. Үүнээс гадна номд өгүүлэгдэх дүрүүдийн цол хэргэм, ажил, тухайн үеийн нийгмийн нэршил, холбогдох хүмүүсийн нэр зэргийг тодруулсан "Үгийн тайлбар"-ыг хавсаргаж өгчээ.
ЗУРАГ
Мэдээж энэхүү цувралын хувьд зураг хамгийн чухал. Номын зургуудад хөх болоод улаан хүрэн өнгө илүүтэй давамгайлна. Энэ их зохиолчийн амьдрал тийм ч шулуун дардан, баяр хөөрөөр дүүрэн байгаагүйг илтгэх шиг санагдана. Басхүү зарим газарт фото зургийг уран зурагтай уялдуулан бүтээсэн нь тун ч шинэлэг болсон юм. Учир нь он цагийн хувьд алслагдсан боловч түүхэн бие хүн тул хүүхдүүд зөвхөн зураачийн төсөөлөлд амилснаар бус бодит дүр зургийг нь харж, Д.Нацагдоржийг мэдэх нь чухал. Иймээс уран бүтээлчийн уг санаа нь номын зургийн гол агуулгыг илүүтэй тодорхойлж байна.
Номын зургууд зөвхөн их зохиолчоос гадна тухайн үеийн аж төрөхүй, хүмүүсийн дүр төрх, байгууламж, хувцас хэрэглэл, үйл явдлыг мөн давхар илэрхийлнэ.
ЗОХИОЛ - НАМЖИЛЫН НОРОВБАНЗАД

Уртын дууны шуранхайг монголын тал нутгаас өртөөлүүлэн дэлхийн театр хүртэл эгшиглүүлсэн эрхэм бол Н.Норовбанзад билээ. Тэрээр Оросын Москва хотноо болсон дэлхийн оюутан, залуучуудын их наадамд "Сэрүүн сайхан хангай" хэмээх уртын дуугаа дуулж гурван алтан медаль хүртэж байв.
Энэхүү номд түүний дуунд дурлаж явсан бага насны өдрүүдээс эхлээд дэлхийн хургачин охин дэлхийн театрын тайзнаа гарсан амьдралын сэтгэл хөдөлгөм түүхийг намтар дээр нь тулгуурлаж, дахин зохиож бичсэн нь бий. Ингэхдээ зөвхөн дуутай холбоотой дурсамж, уртын дууны гайхамшигт чанарыг хүүхдүүдэд ойлгомжтой байдлаар хүүрнэсэн нь илт. Тиймээс уг бүтээлтэй танилцсаны дараа дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн уртын дуугаа дуулж сурах хүсэл эрмэлзэл бяцхан зүрхнүүдийн дунд гялсхийсэн оч бадруулах нь мэдээж.
"Монгол хүн" цувралын хоёр дахь нь болох уг номын зохиолчоор Б. Батцэцэг ажиллаж, зургийг Б.Гантулга урлажээ. Мөн эл бүтээл ч ялгаагүй Н.Норовбанзад ялгаагүй дуучны амьдралын чухал үеүдийг он цагийн хэлхээгээр тодорхойлж, хүүхдүүдэд намтрынх нь тухай гол мэдээллүүдийг хүргэх "цаглавар"-тай. Басхүү намтар судалгааны зохиолд ашигласан ном зүй, цахим эх сурвалжийг тодорхой зааж, хавсралтаар нэмж өгчээ. Тиймээс дуучны тухай илүү нарийн судалж, танин мэдэхийг зорьвол тус хэсэгтэй сайтар танилцах нь чухал.
ЗУРАГ
Хүн хийж байгаа ажлаа эхлээд сайн ойлгох нь чухал. Үүнээс үүдэлтэйгээр ном сурах бичиг, хүүхдийн бүтээл туурвихад уламжлалт ёс заншил, өв соёлын тухай асуудал зайлшгүй хөндөгдөж таарна. Өдгөө аль ч нөхцөлд бид уламжлалаас хэт хөндийрч буй талаар дор бүрнээ ярьдаг болсон. Гэтэл хотжилт, техник технологийн хөгжил, орчин ахуйгаас хамаараад иргэншил дагасан нүүдэл хийх зайлшгүй шаардлагатай байсан учраас тэр. Үгүй бол уламжлал руу хэт туйлширч хандах дээрээ тулбал хэдэн арван жилээр улс орны хөгжил ухрах хэмжээнд очно. Энэ нь уламжлалыг үгүйсгэж байгаа хэрэг бус. Гол нь уламжлал гэж юу вэ? Яг өнөөдөр хүүхдүүдэд ном соёлоор дамжуулан ямар уламжлалыг түгээх хэрэгтэй бол гэдэг дээр анхаарч ажиллах нь зүй ёсных юм.
Харин "Н.Норовбанзад" номын зургууд нь уламжлал болоод орчин үеийн хүүхдийн сэтгэхүйд гойд тохирсон хосолмол шинжтэй, тосон будгийн зургуудаас голчлон бүтжээ. Магад тухайн хүүхэд хуулаад зурчихаж болмоор, нэг ёсондоо зургийн багшийн үүргийг ч давхар гүйцэтгэж болох шиг санагдана. Энэ бүгдээс гадна уг номын зурагт, театр, хөдөө ахуй, морин хуур зэргийг тод томруун харуулснаас гадна ерөнхий дэвсгэр нь ягаан өнгөтэй. Тэрхүү тод ягаан өнгө нь уртын дуучны гялалзсан их амжилтыг тод гаргахаас гадна хүүхдийн сэтгэхүйд ч дүрийг бусдаас ялгамжтайгаар авч үзэхэд чиг баримжаа болно.
ЗОХИОЛ - ОЧИРЫН НАМНАНДОРЖ

Юм бүхэнд эхлэл бий. Энэ ном харин О.Намнандоржийн бага нас, уул ус, ургамал цэцгийн сайханд хонь хариулж явсан өдрүүдийн тэртээгээс эхэлж байна. Байгалийн чулуу, цэцэг навч, тэнгэрийн одод гээд аливаа бүхэнд сониуч зангаар ханддаг, ертөнцийн юмстай танилцаж, нууцыг нь тайлахыг мөрөөддөг балчир хүү. Түүний бага насны амьдрал үргэлж гэрэл гэгээтэй байсангүй. Ялангуяа нийгэм, тэрхүү нийгмийг бүтээгч хүмүүсийн мэдлэг боловсрол хэчнээн бүрхэг, харанхуй байсныг бага насны хүүхдэд тун ойлгомжтой болоод зохиолын агуулга хойшид яахин томорч, номын утга санаа цаашид хэрхэн дэлгэрэх тэр зүгт хандуулан өгүүлжээ.
Тэрээр 1924 онд гадаадад мэргэжил эзэмшүүлэхээр сонгосон 18 залуугийн дунд багтаж тухайн үеийн ЗХУ-д суралцах болсон агаад тэдгээрийн дотор их зохиолч Д.Нацагдорж, түүний гэргий Д.Пагмадулам, эрдэмтэн Б.Ренчин нар байжээ. Ингээд бодохоор монголын салбар бүрийн суурийг тавилцсан олон сэхээтнүүд тухайн үед мөр зэрэгцэн эрдмийн моринд дөрөөлсөн гэлтэй.
О.Намнандорж Дорно дахиныг судлах дээд сургуулийн Газар зүйн ангид суралцаж эх орондоо ирсэн ч найз нөхдийн хамт шинэ жилийн баярыг тэмдэглэсэн хэргээр хэлмэгдэж хоригдсон байна. Гэвч эрдэм мэдлэгийн үр шим ямагт хүнийг тэтгэдэг жамтай. Түүн шиг авьяаслаг, орос хэлийг чадварлаг эзэмшсэн хүн эх оронд нь хэрэг болсноор ахин сургуульд явуулж, Москвагийн зам барилгын дээд сургуульд суралцжээ.
Энэ мэтчилэн тухайн зурагт номд өгүүлсэн хүний амьдралд тохиолдсон гол үйл явдал, олж нээсэн газар орон, үнэт олдворуудын тухай тоочин өгүүлсэн нь бий. Гэвч ихийг нуршсан нь үгүй. Зурагт ном ямагт хүүхдийн унших сэдлийг өдөөхөөс гадна намтрын хувьд ч тухайн хүнийг туулсан замыг бус харин юу туулсныг нь илүүтэй товойлгож харуулахыг зорьдог. Уг зурагт ном ч мөн энэ зарчмыг баримталсан нь илт.
Хүн бүрийн олноор зорчин очиж эмчилгээ хийлгэж, эрүүл мэндийн ундаан болгодог рашаан булаг, айл болгоны номын санд залаатай, эх орныхоо ан амьтан, ургамал, үүх түүх, гавьяат хүмүүсийг багтаасан нэвтэрхий толь бичиг, Үндэсний төв музейд залсан, Мөнх хаанд зориулсан хөшөө зэрэг олон үнэт олдворуудыг тэр нээн илрүүлж, хойч үедээ үлдээжээ. Үүнээс гадна бидний туйлын ихээр сонирхон зорин очдог байсан Байгалийн түүхийн музейн үндэс суурийг эл хүн тавьсан гавьяатай. Үүнээс гадна их говийг хөндлөн гулд туулж Тарбозаврын ясыг олж мөн Үндэсний төв музейд байршуулж байв. Ерөөс уг зурагт номын зохиолоос үзэхэд О.Намнандорж эх орныхоо газар шорооноос олсон үнэт, түүхэн олдворуудыг гадагш гаргалгүй, зөвхөн эх орондоо хадгалж үлдээх чин хүсэлтэй байж гэдгийг ойлгох болно. Тиймдээ ч гадаадаас ирсэн эрдэмтэд, хайгуулын багийнханд зарим чухал орд газрыг нээн илрүүлснээн нууцалдаг байж. Түүнээсээ болж гадуурхагдах, “Төөрүүлдэг Намнандорж” гэх хочийг хүртэл зүүж явжээ.
ЗУРАГ
Тус номын зургууд шар, ногоон, цэнхэр өнгөний хослолтой. Харин О.Намнандоржийн хэлмэгдэж байсан цаг үеийн төрх байдлыг хар бараан, саарал өнгөний холимогоор харуулжээ. Бага балчир үеийнх нь өгүүлэмжүүдээс хөдөө нутаг, хурдан морь зэрэг нүүдэлчин ахуйн дүр зураг харагдана.
Мөнхүү алсад эрдэм сурахаар явах үе, тухайн цагийн ЗХУ-ын чухал түүхэн болон соёлын томоохон байгууламжуудыг бүтээж, дундуур нь морин тэрэгтэй зорчиж буйг харуулсан дүрслэл бүхий агуулга нь хүүхдийн сонирхлыг татахаас гадна, нөгөө талаас барилга байгууламжуудыг нэрийг оноож, мэдлэгээ тэлэх боломжтой.
***
Бид бахархах түүхтэй, бахархам түүхийн эзэдтэй ард түмэн. Харин тэдгээрийн үйл хэрэг, туулсан амьдралын замнал, үлдээсэн эрдмийн их өвөөс нь үргэлж суралцаж, танин мэдэх нь нэн чухал. "Монгол хүн" цувралын үр өгөөж, агуулга, үнэ цэн нь таны хүүхдийг ч мөн соёл боловсрол, эрдэм мэдлэгийн замд хөтлөх болов уу.