
“Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн 649 дэх дугаар уншигчдын гарт очлоо. Бид энэ удаагийн дугаараа мэдээ хэмээх сэтгүүл зүйн төрөл зүйлийг мэргэжлийн түвшинд бэлтгэж, брэнд болтол нь хөгжүүлж чадсан "Eagle news" телевизийн 30 жил, уншигчдын мэдэх, эргэцүүлэх эрхийг хангахаар ажиллаж буй долоо хоног тутмын "Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн 15 жилийн ойд зориулан бэлтгэлээ. Шинэ дугаараас онцлох есөн сэдвийг танилцуулъя.
“Eagle News” телевиз гучин нас хүрч байна. Гучаад жилийн тэртээ Монголын нийгэмд ардчилал гарч, үндэстний түүхийг шинээр бүтээж эхэлсэн цаг үе. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх анх удаа иргэдийн гарт ирэв. Хүн бүрийн оролцоонд тулгуурлаж ардчилал амьд хэвээр байдаг. Үүний амин чухал багануудын нэг бол чөлөөт хэвлэл мэдээлэл.
Тухайн үед Монголд хоёрхон телевиз байлаа. Нэг нь төрийн өмчит, нөгөө нь орон нутгийн өмчит. Тиймээс мэдээг үзэгчдэд шуурхай, яг халуун голомт дээрээс нь, сэтгүүлчид өөрсдөө бэлтгэж, үнэнээр нь хүргэх багийн ажиллагааг бий болгож, шинэ зам гаргасан нь “Eagle News”. Энэ явдал цоо шинэ агуулга, арга ажиллагаатай шинэ телевиз байгуулагдсан гэхээс илүү эрх чөлөө хэмээх үргэлжид эрхэмлэх үнэт зүйлээ олж авсан ард иргэдийн итгэл найдвар болж, цөөнх үндэстний сэтгэлгээний хүчирхэг хэмжүүрийг тогтоосон явдал болов.
Учир нь анхны хувийн телевизийн нэг болох “Eagle News” үг хэлэх эрх чөлөөний орон зайг монголчуудад бүтээж өгсөн гавьяатай. Өдгөө тус телевиз хэрхэн брэнд бүтээж, цаашид ч мөн системийн алдаагүй ажиллагаа, зарчмаа баримтлан ажилласаар байгааг тооны бэлгэдэл утгаа бодож гурван үндсэн үзэл санаа, бодлого дээр тулгуурлан нэрлэлээ.
Нийтлэлч Б.Алтанхуягийн "Eagle news” 30 жил- ИТГЭЖ БОЛОХ ЭХ СУРВАЛЖ" нийтлэлээс
Монголын сэтгүүл зүйд олон шинэчлэл бий болгож, мэдээллийн анхны төрөлжсөн сувгийн хувьд шинэ стандарт тогтоосон “Eagle news” телевизийн 30 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан “Монгол Масс Медиа” компанийн гүйцэтгэх захирал М.Тамиртай ярилцлаа. Тэрээр ярилцлагатаа "Өнөөдрийн хэвлэл, мэдээллийн салбарын өөрчлөлт нь хэрэглэгчдэд олон дэвшил авчирч байгаа хэдий ч нөгөө талаар хуурамч мэдээлэлд автах, хэт их мэдээлэлд төөрөлдөж, гол мэдээллээ авч чадахгүй байх, хүн бүр их хэмжээний өгөгдлийг боловсруулж тохиромжтой дүгнэлт хийх боломжгүй байгаа зэрэг сөрөг зүйлсийг үүсгэж байна. Тиймээс бид үзэгчдэдээ бодит эх сурвалжаас гол мэдээллийг авч, шуурхай хүргэхийн зэрэгцээ телевизийн мэргэшсэн тоймчид, салбар бүрийн мэргэжилтэн экспертүүдийн мэдээ, мэдээлэлд хийсэн шинжилгээ, судалгаа, дүгнэлт, тойм гэх мэт өөрийн гэсэн онцлог, үнэ цэн бүхий контент бүтээх ажлаа улам бүр өргөжүүлэхээр төлөвлөж байна" гэж онцоллоо.
Нийтлэлч Ч.Болорчулууны "М.Тамир: Бид үнэний талд байх зарчим баримталдаг" ярилцлагаас
“Eagle News” телевиз 30 жилийн ойн хүрээнд сэтгүүл зүйн хөгжлийн форум зохион байгуулж буй. Үүний хүрээнд хэвлэл мэдээллийн салбарт тулгамдаж байгаа асуудлыг хөндөн, салбарын төлөөллүүдтэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ удаагийн хэлэлцүүлгийн сэдэв нь “Худал мэдээлэл ба сэтгүүл зүй”. Олон нийт мэдээллийн манипуляцд хэрхэн өртөж, худал мэдээлэлд яаж автаж байгааг, энэ нь иргэдийн санаа бодолд нөлөөлж, нийгэмд ямар сөрөг үр дагавар бий болгож буйг МУИС-ийн ШУС-ийн захирал, профессор Б.Болд-Эрдэнэ, FactCheck.mn талбарын үүсгэн байгуулагч, медиа аналист Ц.Тамир, “Мизес Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Амартүвшин нар ярилаа.
О.Даваасүрэнгийн “Олон улсад уламжлалт сэтгүүл зүйн алтан үе сэргэж байна” нийтлэлээс
30 жилийн турш Монголын хэвлэл мэдээллийн салбарын тод өнгө, мэргэжлийн сэтгүүл зүйн гол төлөөлөл байж ирсэн “Eagle News” телевизийн өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцсэн нэг чухал зүйл бол баг хамт олон юм. Тус телевиз өнгөрсөн хугацаанд зуу, зуун уран бүтээлч, боловсон хүчнийг бэлтгэж, хэвлэл мэдээллийн зах зээлд нийлүүлсэн бөгөөд одоо ч дараагийн үеэ бэлтгэн, сургасаар байна. Тэнцвэртэй, шуурхай, мэргэжлийн мэдээ, сурвалжилгыг 30 жилийн хугацаанд тасралтгүй “үйлдвэрлэсэн” тус хамт олны төлөөллийг “Улаанбаатарын хүмүүс” буландаа урилаа.
О.Даваагийн "Бид Ийглийнхэн" нийтлэлээс
НҮБ-аас баталсан олон зорилт, хөтөлбөрийн хүрээнд манай улс олон амлалт, хугацаатай үүрэг хүлээсэн. Тухайлбал, ядуурлаа арилгах нь бидний хүлээсэн нэг үүрэг. 2015 онд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалтаар 17 зорилго, 169 зорилт, 244 шалгуур үзүүлэлт бүхий 2030 он хүртэл хэрэгжүүлэх Дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр баталсан. Үүгээр манай улсын хөгжлийн нэн тэргүүний асуудал болгон анхааруулж, хугацаатай даалгавар болгож өгсөн асуудал бол ядуурлаа арилгах. НҮБ-аас авсан энэхүү үүргийнхээ дагуу манай улс ядуурлыг 2030 он гэхэд арилгаж чадахгүйгээ хүлээн зөвшөөрч 15 хувьд хүргэж бууруулах бодлогын баримт бичиг баталсан. Одоо Монгол Улсад ядуурал хамгийн сүүлд хийсэн судалгаагаар 27.1 хувьтай байгаа. Үүнийг тавхан жилийн дотор 15 хувьд хүргэнэ гэсэн үг. НҮБ ядуурлаа арилгах үүрэг өгсөн бол манай улс арилгах боломжгүй, бууруулах л боломжтой гэж үзсэн. Одоогийн нөхцөлөөс харвал буруулах ч боломжгүй байна. Тэгэхээр манай улс НҮБ-ын өмнө хүлээсэн энэ үүргээ биелүүлж чадахгүй нь нэгэнт тодорхой.
С.Шийлэгтөмөрийн "НҮБ-д тавьсан “өр” нийтлэлээс
Дэлхий нийтээрээ дижитал шилжилтэд эрчимтэй орж, технологи улс орны хөгжлийн гол түлхүүр болсон энэ үед Монгол Улс ч цахим үндэстэн болох зорилт тавиад тав дахь жилтэйгээ золгож байна.
Энэ хугацаанд кибер аюулгүй байдлыг сайжруулах, төрийн болон хувийн байгууллагуудын мэдээллийн хамгаалалтыг бэхжүүлэх, иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлд тодорхой алхмууд хийгджээ. Мөн төрийн үйлчилгээг илүү хурдан, хүртээмжтэй болгохын тулд E-Mongolia, Ebarimt зэрэг платформуудыг хөгжүүлж, иргэдэд 1200 гаруй төрийн үйлчилгээг нэг дор, цахимаар авах боломж бүрдүүлсэн нь дэвшил байв.
Гэвч юм ихдэхээрээ утгаа алддаг гэж үг бий. Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан, өгөгдлийн платформууд руу хошуурч, гэр хорооллын иргэдэд зориулсан нүүрс худалдан авах “Хотула”, төрийн дээд одон медалийн мэдээллийг шалгах “E-Shagnal” зэрэг аппликейшнүүдийг төрөөс санхүүжүүлэн, хөгжүүлж буй. Гэвч олонх нь ашиглахад төвөгтэй, бүтэц нь ойлгомжгүй, зарим тохиолдолд бүр ажиллахгүй байх асуудал гарсаар байна.
И.Сарангоогийн "Аппликейшнээр өвчилсөн ТӨР" нийтлэлээс
Иргэн, хуульч О.Батболд УИХ-ын тухай хуулийн дээрх заалтыг хүчингүй болгох өргөдөл гаргаж, үүнийг найман өдрийн дотор 100 мянга давсан хүн дэмжсэн юм. Хууль тогтоогчид эрх мэдлээ ашиглаж өөртөө давуу байдал олгосон нь Үндсэн хуулийн 1.2 дахь “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 14.1, 14.2 дахь хэсгийн Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна, хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэсэн заалтыг зөрчсөн хэмээн тэрээр үзсэн, олон нийт ч дэмжсэн юм. Учир нь энгийн иргэд Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 9.1-т заасны дагуу 24 сараас дээш хугацаанд нийгмийн даатгал төлсөн, үүнээс сүүлийн есөн сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилласан жилээсээ хамааран цалингийнхаа 50-70 хувьтай тэнцэх тэтгэмжийг гурван сарын хугацаанд авдаг. Гэтэл УИХ-ын гишүүн байсан хүн цалингаа 100 хувиар, 12 сарын турш авч буй нь яагаад ч шударга сонсогдохгүй.
С.Туулын "Өөрсдөдөө олгосон давуу эрхээсээ УИХ татгалзах уу"
Би нуурын эрэгт өсөж торнижээ. Шувууд нь буцчихсан намрын нуур эл хуль, нам гүм оргино. Хачин уйтгартай хэр нь хараад л суумаар аниргүйд нарны туяанд гэрэлтэж үзэгддэг долгис нь хүртэл саарал өнгөөр үелзэж байдаг сан. Цагаан нуурын эрэгт намрын сар ийнхүү анир гүмийг араас нь залгасан их уйтай хамт хөтөлж авчирдаг байлаа. Жирийгээд урссан он цагийг яг одоод авчирч орхих ахул Женевийн нуурын эргийг машины цонхоор тольдон унасан газар, угаасан усаа би нэхэн санаж явна. Зөөлөн бороо шивэрнэ. Тэгэх тусам бүүдгэр тэнгэрийн өнгөөр сааралтан үзэгдэх Женевийн нуурын нам гүм нь тэртээх он цаг руу ахин дахин хөтөлнө. Дурсамжийн нуурын эрэгт зогсож, байгалийн бүтээсэн цаг хугацааны чимээгүйд бүрэлзэн үзэгдэх цонхоор өнгөрсөн цагийн түүхээ харах шиг мэдрэмжид автав. Харь хол гэдэг үг юу сан билээ. Хаана би зогсоно, алхана, амьсгална, тэр бүхэн минь гэр орон шиг дотно санагдах нь урьдын түүхийг сэтгэлд урин дуудах энэ л нуурын нам гүмээс үүдсэн хэрэг. Магад тэнгэрийн сайханд Женевт айлчилсан бол шувууд нь тойрон нисэлдэж, түмэн зүйлийн жуулчид хөлхсөн үймээнт эргээс холгүйхэн олон зуун завь нааш цааш сүлжилдэн үзэгдэх байсан болов уу. Гэтэл өдгөө мөнөөх завинууд зогсоолоос уяатай, борооны чимээ тэдгээрийг онож буухдаа өөр өөр хөгжим эгшиглүүлэх боловч нэгэн хэвийн үргэлжилсэн чимээнд нь уй гуниг, баяр хөөрийн жаалхан амттай холилдон дотуур тэнүүчлэх нь яг л зөв цагтаа дэлхийн энх тайвны нийслэл болсон энэ хотод ирсэн мэт бодогдоно.
Б.Алтанхуягийн "Гуниглаж болох эрх чөлөө" нийтлэлээс
Хэдхэн хоногийн өмнө дэлхийн нийслэл гэгддэг Нью-Йорк хотын шинэ даргыг сонгох сонгууль болж өнгөрлөө. Тус сонгуулийг дэлхий нийтээр анхаарал тавин анирдаж байсан бөгөөд эцсийн үр дүн ард түмний талд гарлаа хэмээн хэвлэлүүд бичиж байна.
Ийнхүү Нью-Йорк хотын даргаар 34 настай Зохран Мамдани сонгогдлоо. Тэрээр уг албан тушаалд очсон анхны Ислам шашинтан хүн болж буйгаараа олны анхаарлыг татаад байгаа билээ. Мөн сүүлийн зуун жилийн хугацаанд хотын даргаар сонгогдсон хамгийн залуу удирдагч юм.
Х.Алтмаагийн "Исламын шашинтай анхны хотын дарга" нийтлэлээс