
Америкийн зохиолч, өгүүллэгийн мастер Жорж Сандерс энэ өдөр төржээ. Тэрээр орчин үеийн уран зохиол дахь өгүүллэгийн төрөл жанрыг дүрийн сэтгэл зүй болоод өгүүлэмжийн өндөр түвшинд гаргасан уран бүтээлч хэмээн үнэлэгддэг.
Түүний бүтээлүүдэд хошигнол, этгээд дүрслэл, нийгмийн шүүмжлэл, хувь хүний шаналал зэрэг олон сэдэв, мэдрэмж зэрэгцэн оршдог. Ингээд түүний онцлох таван бүтээлийг танилцуулъя.
LINCOLN IN THE BARDO
Тус роман нь Абрахам Линкольны хүүгийн үхлийн дараах сэтгэл зүйн байдал, үхэл амьдралын завсрын орон зайг өгүүлдэг. Уламжлалт хүүрнэлээс татгалзаж, олон дуу хоолой, эшлэл, сүнснүүдийн яриагаар бүтсэн гэдгээрээ онцлогтой. Амьд ба үхлийн зааг дээрх оршихуйн тухай гүн ухааны эргэцүүлэл уг бүтээлд давамгайлна. Энэ бүтээлээрээ тэр “Man Booker Prize” шагналыг хүртсэн билээ.
TENTH OF DECEMBER
Энэ бол түүний хамгийн алдартай богино өгүүллэгийн түүврүүдийн нэг. Өгүүллэг бүрд энгийн аж төрөхүйд тотгор болсон гүн хямрал, ёс суртахууны сонголт, дотоод зөрчил гарч ирдэг. Хачин, заримдаа инээдэмтэй нөхцөл байдал дундаас хүний хамгийн үнэн төрх илэрдэг болохыг Сандерс илчилжээ.
CIVILWARLAND IN BAD DECLINE
Америкийн хэрэглээний нийгмийг ёгтлон шүүмжилсэн бүтээлүүд эл түүвэрт багтана. Зохиолчийн эхэн үеийн бүтээл болох тус түүвэрт корпорацийн соёл, ажилгүйдэл зэрэг сэдвийг хар бараан хошигнолоор уран тансаг егөөдсөн нь бий. Дүрүүд нь ихэвчлэн системд дарлуулсан, гарцгүй, өрөвдөлтэй хүмүүс байдаг. Энэ бүтээлээс л түүний өвөрмөц “гротеск реализм” эхэлсэн хэмээн утга зохиол судлаачид дүгнэдэг.
CONGRATULATIONS, BY THE WAY
Уг бүтээл нь эхлээд коллежийн төгсөлтийн илтгэл байсан ч зохиолч үргэлжлүүлэн бичиж, хожим ном болон хэвлэгджээ. Амьдралд амжилт гаргах тухай бус харин энэрэнгүй, бусдыг ойлгодог хүн байх тухай өгүүлнэ. Энгийн, товч хэллэгтэй ч гүн утгатай санаануудтай уг ном зохиолчийн гүн ухааныг ойлгоход туслах нэн чухал бүтээл.
LIBERATION DAY
Энэ бол Сандерсийн хамгийн сүүлд туурвисан өгүүллэгийн түүвэр бөгөөд эрх чөлөө, хяналт, хүний ухамсрын асуудлыг шинэлэг байдлаар хөндөнө. Зарим өгүүллэгт хүмүүсийг шууд утгаар нь “хяналттай обьект” болгосон этгээд нийгмийг дүрсэлдэг.. Орчин үеийн нийгмийн айдас, эргэлзээг онцгой нарийн мэдрэмжээр илэрхийлсэн бүтээл юм.