
Японы өмнөд хэсгийн Кумамото хотын ойролцоо 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас хамгийн багадаа 13 хүн амиа алдаж, аврагчид барилгын нурангид дарагдсан хүмүүсийг эсэн мэнд олохоор шуурхай ажиллаж байгаа тухай Ерөнхий сайд Санаэ Такаичи мэдэгдлээ.
Мягмар гарагт болсон газар хөдлөлтийн улмаас мянга мянган өрх цахилгаангүй болж, бүс нутгийн авто замууд ихээхэн хэмжээгээр сүйдсэн. Өнөөдөр үүрээр аврагчид Aeon mall худалдааны төвийн нурангин доороос 8 хүнийг эсэн мэнд гарган авчээ. Газар хөдлөлт болсноос хойш ойролцоогоор нэг цагийн дараа тус худалдааны төвд тодорхойгүй шалтгаанаар дэлбэрэлт болсны улмаас 20 гаруй насны хоёр эмэгтэй амиа алдсан бөгөөд эрх баригчид хийн дэлбэрэлт болсон байж болзошгүй хэмээн шалгаж байна. Онцгой байдлын аврах анги, цагдаа болон армийн бие бүрэлдэхүүн тусламж дуудсан дохио ирсэн барилгын хэсгүүдэд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа ч гамшгийн хохирлын хэмжээ одоогоор тогтоогдоогүй байна.
NHK сувгийн мэдээлснээр худалдааны төвийн 20-30 орчим ажилтан сураггүй болоод байгаа юм. Мөн Nippon Paper Industries үйлдвэрийн яндан нурсны улмаас 7 хүн сураггүй болж, 4 хүн хүнд бэртжээ. Бүс нутгийн хэмжээнд 260 000 орчим иргэнийг аюулгүй байрлалд нүүлгэн шилжүүлсэн байна.
Ойролцоогоор нэг долоо хоногийн турш дахин хүчтэй газар хөдлөлт болон хөрсний гулсалт болох эрсдэлтэйг анхааруулж байна. Үүнээс гадна 36 000 гаруй өрх цахилгаангүй хэвээр байгаа юм.
Хамгийн их хохирол амссан объект нь тус мужийн хамгийн том худалдааны төв болох Aeon mall байжээ. 200 орчим дэлгүүртэй худалдааны төвийн нэг тал нь дэлбэрэлтэд өртөн сүйрч, ган тулгуурууд нь ил гарсан байдалтай. Aeon компанийн төлөөлөгч мэдээлэхдээ газар хөдлөлтийн үеэр үйлчлүүлэгчид болон ажилчдыг нэн даруй нүүлгэн шилжүүлсэн ч дараа нь гарсан дэлбэрэлтийн шалтгаан тодорхойгүй байна гэжээ.
Тус бүс нутагт үйлдвэртэй Tokyo Electron болон Honda зэрэг зарим томоохон компаниуд үйлдвэрлэлийн ажиллагаагаа түр зогсоосон бол чип үйлдвэрлэгч TSMC ажилчдаа аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсний дараа үйл ажиллагаагаа эргэн сэргээж эхэлсэн байн