
Мьянмарын цэргийн удирдагч 10 000 гаруй хоригдлыг өршөөлд хамрууллаа. Уг өршөөлд хамрагдсан хоригдлууд дунд Нобелийн энхийн шагналт, 2021 оны цэргийн эргэлтийн дараа огцорч шоронд хоригдсон Аун Сан Сү Чи багтсан эсэх нь тодорхойгүй байна.
Энэ арга хэмжээг улс орны нөхцөл байдлыг хэвийн мэт харагдуулах, цэргийн эрх мэдлийг баталгаажуулах оролдлого гэж харж буй хүмүүс олон байна.
Аун Сан Сү Чи энэ жил 80 настай бөгөөд өнгөрсөн таван жилд гадаад ертөнцтэй холбоо тогтоох боломжгүй байсан. Түүний хүү ээжийнхээ эрүүл мэндийн талаар санаа зовж байгаагаа илэрхийлж байсан юм. Сү Чи хаалттай шүүх хурлаар орж олон хэрэгт буруутгагдсан бөгөөд нэг хэргээр нь 27 жилийн хорих ял сонсоод буй.
Өршөөлд хамрагдан шоронгоос суллагдсан иргэдийн гэр бүлийнхэн сэтгэл хөдлөлөөр дүүрэн уулзаж, зарим нь уйлж байв. Хэдэн жил уулзаагүй харилцаагаа сэргээж буй хүмүүсийг харахаар шоронгийн гадаа олон хүн цуглаж баярлаж байлаа.
Мьянмарын төрийн MRTV агентлагийн мэдээлснээр, цэргийн засгийн газрын тэргүүн Мин Аунг Хлайнг нь Хөдөө аж ахуйн өдөр буюу тариачдыг хүндэтгэх баярын үеэр 10 162 хоригдлыг өршөөлд хамруулжээ. Өршөөгдсөн хоригдлуудын 7337 нь террористын эсрэг хуулиар ял авсан иргэд байсан бөгөөд уг хууль нь цаазаар авах хүртэл ял оноодог хүнд гэмт хэрэгт тооцогддог. Уг хуулийг 2021 оны цэргийн эргэлтийн дараа улс төрийн сөрөг хүчнийхэн, сэтгүүлчид болон бусад эсэргүүцэгчдийг баривчлахад өргөн хэрэглэж байв.
Тусдаа гарсан өөр нэг мэдэгдэлд уг хуулийн дагуу эрүүгийн хэрэг хүлээсэн болон ийм хэргээр ял сонссон гэдгийг нь нууж байсан 12 487 хүн өршөөл эдлэх бөгөөд тэдний хэрэг бүрмөсөн хаагдана гэжээ. Мөн 10 гадаад иргэнийг суллаж, улсын хилээр гаргах аж.
Мьянмарын үндэсний баярын өдрүүдэд өршөөл үзүүлэх явдал түгээмэл байдаг. Гэхдээ улс төрийн хоригдлууд, огцорсон иргэний засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг ихэвчлэн өршөөлд хамруулдаггүй.
Хоригдлуудыг суллах ажил мягмар гарагт эхэлсэн ч хэд хоног үргэлжлэх магадлалтай аж. Суллагдсан хүмүүсийн нэрс бүрэн тодорхой болоогүй байгаа юм.
Бие даасан байгууллага болох "Улс төрийн хоригдлыг дэмжих туслах холбоо"-ноос мэдээлснээр өнгөрсөн Баасан гарагт гэхэд тус улсын шоронд 22 800 гаруй улс төрийн хоригдол байсан аж.
Цэргийн засгийн газар саяхан сонгууль зохион байгуулсан бөгөөд сөрөг хүчний бүлгүүд, НҮБ болон Барууны орнууд үүнийг цэргийн засгийг бэхжүүлэх зориулагдсан хуурмаг сонгууль гэж буруутгасан. Гэвч цэргийнхэн “Энэ сонгууль нь ард түмэнд эрх мэдлийг нь буцааж өгөх бөгөөд иргэний дайн дуусахад тусална” гэж мэдэгдсэн.
Сонгуулийн үр дүнд цэргийн дэмжлэгтэй Нэгдсэн эв нэгдэл, хөгжил дэвшлийн нам ялсан ч сөрөг бүлгийн эзэмшил бүхий газруудад санал хураалт явагдаагүй. Шинэ парламент хоёр долоо хоногийн дараа хуралдаж, ерөнхийлөгчийг дөрөвдүгээр сарын эхээр сонгох төлөвтэй байна.