
Канадын хамгийн том хот болох Торонтод хүчтэй аадар бороотой шуурга дэгдэж, барилга байгууламжууд эвдэрч, замууд хаагдан, хэдэн арван мянган оршин суугч цахилгаангүй болжээ.
Лхагва гарагт болсон шуурганы үеэр аадар бороо орж, хүчтэй салхи шуурч, том хэмжээний мөндөр буусан байна. Үүний улмаас зарим бүс нутагт хар салхи болох эрсдэлийн сэрэмжлүүлэг болон анхааруулга гаргажээ.
Цахилгаан эрчим хүч нийлүүлэгч Toronto Hydro-гийн мэдээлснээр лхагва гарагийн орой 20:00 цагийн байдлаар буюу пүрэв гарагийн 00:00 GMT цагийн байдлаар дор хаяж 45 мянган хэрэглэгч цахилгаангүй болсон байна.
Шуурганы улмаас модод унаж, үер бууснаар хотын хэд хэдэн зам, тэр дундаа Дон-Вэлли Парквей хаагдсан гэж CBC мэдээлжээ.
Торонто хотын Ист-Йорк дүүрэгт байрлах Майкл Гаррон эмнэлэг яаралтай тусламжийн тасаг нь үерийн улмаас хохирол амссан гэж мэдэгдсэн байна.
Торонто хотын захирагч Оливиа Чоу лхагва гарагийн өглөө хотоос шуурхай арга хэмжээ авах ажиллагааны төвийг ажиллуулж эхэлсэн гэдгээ X платформд нийтэлжээ. Тэрээр “Хотын ажилтнууд цахилгааны унасан утас, унасан мод, үер болон бусад асуудалд хариу арга хэмжээ авахаар ажиллаж байна” гэжээ.
Мөн метро болон автобусны үйлчилгээг хариуцдаг Торонтогийн нийтийн тээврийн комисс үер болон хүчтэй салхины улмаас тархсан хог, нурангид өртсөн хэсгүүдийн үйлчилгээг сэргээхээр ажиллаж байгаа аж.
Торонтогийн Пирсон олон улсын нисэх онгоцны буудлаас лхагва гарагийн орой хөөрөхөөр төлөвлөсөн олон арван нислэг саатаж, зарим нь цуцлагджээ.
Канадын цаг уурын алба болох Канадын Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн газар Их Торонто бүс нутагт хүчтэй аадар бороо, шуурганы улмаас зарласан улбар шар түвшний сэрэмжлүүлгээ цуцаллаа.
Гэсэн хэдий ч Онтарио мужийн баруун өмнөд хэсгийн зарим нутагт хэт халалт болон хүчтэй аадар бороо, шуурганы талаарх шар түвшний анхааруулга хэвээр байна.