
Ширээний теннисний дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны бүтээгдэхүүн дээр БНХАУ-ын төрийн далбааг хоёр удаа буруу дүрсэлжээ. Энэ явдал хятадын хөгжөөн дэмжигчдийн бухимдлыг төрүүлж, холбогдох хүмүүсийг албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж эхэллээ.
Олон улсын ширээний теннисний холбооны вэбсайтаар худалдаалсан дэлхийн багийн ширээний теннисний аваргын дурсгалын бүтээгдэхүүнүүд болох постер, футболк, цамц зэрэг дээрх Хятадын далбаанд тав биш зургаан одтой дүрс ашигласныг хөгжөөн дэмжигчид анзаарчээ.
Тэд сошиал сүлжээнд тус холбоо болон өнгөрсөн долоо хоногт Лондонд болсон тэмцээнийг зохион байгуулсан Table Tennis England-ийг Хятадын төрийн далбааг үл хүндэтгэсэн хэмээн шүүмжилж, албан ёсоор уучлал хүсэхийг шаардсан байна.
Шүүмжлэл өрнөсний дараа холбоо 35-67 фунт стерлингийн үнэтэй бүтээгдэхүүнүүд дээрх далбааг өөрчилсөн ч алдаагаа олон нийтэд хүлээн зөвшөөрөөгүй аж.
Гэвч шинэчилсэн хувилбар нь мөн л буруу байсан бөгөөд энэ удаа таван шар одтой ч оддын байрлал буруу байснаас хөгжөөн дэмжигчдийн бухимдлыг улам нэмэгдүүлжээ.

Хятадын төрийн далбаа нь улаан дэвсгэр дээр зүүн дээд буланд нэг том шар од, түүний баруун талд нум хэлбэрээр байрласан дөрвөн жижиг шараас бүрддэг.
Дурсгалын бүтээгдэхүүний талаар нийтлэгдсэн, өргөн тархсан нэгэн пост 10 мянга гаруй сэтгэгдэл авч, холбоотой хэлэлцүүлгүүд цахим орчинд хурдан тархжээ.
“Та нарт Хятад улс болон тамирчдыг хүндэтгэх өчүүхэн төдий ч болов ойлголт байна уу?” хэмээн 2000 лайк авсан нэгэн Weibo хэрэглэгч бичсэн байна.
“Зургаан одтой улаан тугтай улс хаана байдаг юм бэ?” гэж өөр нэг хэрэглэгч асуужээ.
Нэг хэрэглэгч Хятадын ширээний теннисний холбоог арга хэмжээ авахыг уриалж, “Хэрэв та нар биднээс мөнгө олохыг хүсэж байгаа бол эхлээд хүндэтгэл үзүүлж сур” гэж бичсэн байна.
“Яагаад хэвлэл мэдээллээр энэ талаар бараг мэдээлэхгүй, харин сошиал сүлжээнд тренд болоод байна вэ? Энэ бол олон улсын байгууллага Хятадын ард түмнийг илт өдөөн хатгаж буй хэрэг. Хятадын хөгжөөн дэмжигчид хаана байна? Яагаад цөөн хэдэн хүн л дуугарч байгаа юм бэ?” гэж өөр нэгэн хөгжөөн дэмжигч асуужээ.
Энэ нь олон улсын спортын томоохон арга хэмжээ Хятадын далбааг буруу ашигласан анхны тохиолдол биш юм. 2016 оны Риогийн зуны олимпын үеэр зохион байгуулагчид Хятадын тамирчид медаль авах ёслолын үеэр дөрвөн жижиг одыг буруу байрлуулсан далбааг удаа дараа ашиглаж байжээ. Тухайн үед дөрвөн жижиг од том од руу чиглэсэн нум хэлбэртэй биш, харин хоорондоо зэрэгцээ байрласан байсан аж.
Хятадын албаныхан гомдол гаргасны дараа Риогийн олимпын зохион байгуулагчид олон нийтээс уучлал хүсэж, далбааг сольж байжээ.