
Meta компани хиймэл оюуны хөгжүүлэлтэд илүү их хөрөнгө оруулах бодлогын хүрээнд мянга мянган ажилтнаа цомхотгохоор бэлтгэж байгаа талаар мэдээлэгдлээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, компани нийт ажиллах хүчнийхээ ойролцоогоор 20 хувийг, өөрөөр хэлбэл 16 000 орчим ажилтныг халах магадлалтай байна. Хэрэв энэ төлөвлөгөө хэрэгжвэл 2022 оноос хойших хамгийн том цомхотгол болно. Тухайн онд Meta 11 000 ажилтнаа, дараагийн жил нь 10 000 ажилтнаа халж байсан юм.
Компанийн төлөвлөгөөг мэддэг хоёр ахлах ажилтан Business Insider-т мэдээлэхдээ, цомхотгол ирэх нэг сарын дотор эхэлж магадгүй гэжээ.
Meta компани 2028 он хүртэл хиймэл оюуны дэд бүтэц болон дата төвүүдэд ойролцоогоор 600 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах зорилт тавьсан байна. Мөн супер хиймэл оюун хөгжүүлэх багтаа судлаачдыг татахын тулд хэдэн зуун сая ам.доллар зарцуулсан гэж мэдээлжээ. Компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг энэ оны нэгдүгээр сард хөрөнгө оруулагчдад хэлэхдээ “Өмнө нь том баг шаарддаг байсан төслүүдийг одоо маш чадварлаг нэг хүн гүйцэтгэх боломжтой болсон” гэсэн юм.
Түүний хэлснээр компани багаа жижигрүүлж, хувь хүний гүйцэтгэлийг илүү чухалчлах бодлого баримталж байгаа аж.
Бусад технологийн компаниуд ч адил алхам хийж байна
Block (Jack Dorsey-ийн удирддаг төлбөрийн компани) мөн энэ оны хоёрдугаар сард 4000 гаруй ажилтнаа халсан байна. Тус компани Cash App, Square, Tidal зэрэг үйлчилгээ эрхэлдэг бөгөөд AI технологи олон ажлыг автоматжуулж байгаа тул ажилтны тоог бууруулж байгаа гэж мэдэгдсэн юм.
Гэхдээ зарим шинжээчид компаниуд AI-г ажилтнуудыг халсны шалтгаан болгон ашиглаж байна гэж үзэж байна.
OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэт Алтман “Зарим компани AI-гаас болж ажлын байр хасагдсан гэж ярьж байгаа ч үнэндээ тэд цар тахлын үеийн хэт их ажилд авсан алдаагаа багасгах зорилготой байж болно” гэжээ. Шүүмжлэгчид үүнийг “AI-washing” буюу хиймэл оюуны нэрийг ашиглан бодит шалтгааныг нуух арга гэж нэрлэж байна.