
АНУ-ын Худалдааны яам мягмар гарагт
чип үйлдвэрлэгч Nvidia компанид дэвшилтэт хиймэл оюун ухааны процессороо Хятадад худалдах зөвшөөрөл олгосноо мэдэгдлээ.
Хятадын технологийн салбар болон цэргийн чадавхыг АНУ-аас давуулах эрсдэлтэй гэсэн болгоомжлолоос үүдэн Вашингтоны эрх баригчид H200 чипийн худалдааг хязгаарлаад байсан юм.
Худалдааны яамнаас мэдээлснээр, АНУ-ын дотоод зах зээлд хангалттай нийлүүлэлт байгаа нөхцөлд H200 чипийг Хятад руу нийлүүлэх боломжтой аж. Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сард “зөвшөөрөгдсөн худалдан авагчдад” чип худалдахыг зөвшөөрч, үүнийхээ хариуд 25 хувийн шимтгэл авах болно хэмээн мэдэгдсэн.
Худалдааны яамны Экспортын хяналтын товчоо шинэчилсэн экспортын бодлогод H200-оос гадна харьцангуй бага хүчин чадалтай процессорын экспорт багтаж байгааг тодотголоо.
H200 нь Nvidia-гийн хамгийн сүүлийн үеийн Blackwell процессороос нэг үеийн өмнөх загвар юм. Blackwell нь дэлхийн хамгийн дэвшилтэт AI чипт тооцогддог бөгөөд Хятадад худалдахыг одоогоор үргэлжлүүлэн хориглосоор байна.
Трамп өнгөрсөн оны долоодугаар сард чипийн худалдаанд тавьсан хязгаарлалтыг сулруулсан ч Хятадаас олох орлогынхоо тодорхой хувийг АНУ-ын засгийн газарт төлөх шаардлага тавьсан билээ.Үүний дараа Бээжин Nvidia-гийн Хятадад зориулсан чипүүдийг зах зээлээс шахах, дотооддоо үйлдвэрлэсэн хагас дамжуулагчийг илүүд үзэхийг технологийн компаниуддаа уриалсан гэх мэдээлэл гарсан. Энэ алхам нь Хятадын технологийн салбарыг дэмжих зорилготой ч тус улсын чипийн технологи АНУ-аас хоцорч байгаа гэж шинжээчид дүгнэдэг.
2025 оны турш Nvidia-гийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг Вашингтонд идэвхтэй лобби хийж, өндөр хүчин чадалтай чипүүдийг Хятадад худалдахыг зөвшөөрөхийг шаардаж ирсэн. Тэрээр дэлхийн зах зээлд чөлөөтэй оролцох нь Америкийн өрсөлдөх чадварыг хадгалахад чухал гэж үзэж байна.
Гэвч АНУ-ын зарим албан тушаалтнууд эдгээр хагас дамжуулагч Бээжингийн цэргийн салбарт ашиглагдаж, Америкийн AI-ийн хөгжлийг сааруулна хэмээн болгоомжилж буйгаа илэрхийлсээр байна.
Б.Марал-Эрдэнэ