Оросын дотоодын зах зээлд үүссэн төмс хомсдолыг Монгол, Казахстанаас импортоор авах замаар шийдэж буйг DW агентлаг мэдээлжээ. 2025 оны 4-5 дугаар сард Монголоос Буриадад 4000 тонн төмс импортолсон байна. Орон нутгийн Россельхоз компанийн захирал ""Байкал Daily" сонинд өгсөн ярилцлагадаа "Монголчууд олон зууны турш манайхаас төмс зөөж ирсэн. Саяхнаас төмс тариалж эхэлсэн энэ нөхдүүд одоо манайд зарж байна" гэжээ. Буриад улс мянган тонн төмс импортолсон талаар өмнө нь бүс нутгийн хэвлэлүүд мэдээлж байсан юм.
Орос улс анх удаа Монголоос төмс худалдан авсан тухай The Moscow Times сонин мөн мэдээлжээ.
2024 онд ургацын хэмжээ буурсан, хүйтэн жавар, ган гачгаас үүдэлтэйгээр Орост төмсний ургац хомсдож дотоодын хэрэгцээ болох 8 сая тонноос ердөө 7.3 сая тонн төмс хураан авсан байна. Росстат мэдээлснээр, тавдугаар сарын эцэс гэхэд тус улсад төмсний жижиглэнгийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс 173 хувиар өссөн нь сүүлийн 23 жилийн түүхэн дээд үзүүлэлт юм.