
Өнөөдөр аргын тооллоор аравдугаар сарын дундах долоо хоногийн эхлэл. Өдийд улс даяараа улсын төсөвтөө анхаарал хандуулж, төрийн орлого, зарлагаа нарийн тооцон төлөвлөн суух учиртай цаг хугацаа.
Өөрөөр хэлбэл, өргөн мэдүүлэх, хэлэлцэн батлах нь хуулийн хугацаатай Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгүүд ид өрнөх мөч. Тэр дундаа Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд хяналт тавьж, шаардлагагүй төсөл арга хэмжээнүүдийг хасаж танаж, заримыг нь нэмж солих боломж бүхий нэг, хоёрдугаар хэлэлцүүлэгт нийтээр анхаарч, хамтаар төлөвлөх ёстой. Гэвч шийдвэр гаргагчид, хууль тогтоогчид, олон нийт ч төсвийн хэлэлцүүлгийг төдийлөн анхаарахгүй буй нь илт. Харин эрх баригчдын дотоод зодоон төрийн институц хоорондын зөрчил болон хувирч буй үйл явцад л бүгдийн анхаарал төвлөрч байна. Ийнхүү сар гаруйн өмнө өргөн мэдүүлсэн ч анхаарлын гадна орхигдож буй төсөвт учирч болох эрсдэлийг дурдахаас өмнө үүний бодлого, төлөвлөгөө хаашаа чиглэж байгааг товч өгүүлье.
Алдагдалгүйгээс алхам ухарсан төсөл
Орлогоо хэт өөдрөг төсөөлж, тэр хэрээр зарлагаа нэмэгдүүлсэн төсөв боловсруулдаг алдаатай жишгийг энэ удаа харин давтсангүй. Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж, орлого, зарлагаа өмнөхөөс бууруулав. Тухайлбал, эдийн засагт голлон нөлөө үзүүлдэг нүүрсний экспортыг 90 сая тонноор төсөөлж, үнийг одоогийн доод түвшнээр тооцсон байна. Улмаар иргэдийн саналд үндэслэн эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарт илүүтэй анхаарч бодлого төлөвлөгөөгөө боловсруулсан гэдгийг төсөл боловсруулагчид хэлж байгаа.
Харин өмнөх жилүүдээс алдагдалгүй төсөв батлах анхны гэж хэлж болох өмнөх оны жишгээс нэг алхам ухарчээ. Тодруулбал, ирэх оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.6 их наяд төгрөг, нийт зарлагыг 32.9 их наяд төгрөг буюу 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар төсөлд тусгасан байна. Энэ алдагдлыг Засгийн газрын гадаад хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр бүрэн санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Харин үүнийг алдагдалгүй төсөв батлах амархан ч хувийн хэвшлээ дэмжих нь зүй хэмээн Сангийн сайд тайлбарлав.
Сангийн сайд Б.Жавхлан
Ирэх жилийн төсвийн алдагдал болох 1.3 их наяд төгрөг нь дэд бүтцэд зориулж буй 1.5 их наяд төгрөгийн гадаад зээл тусламжийн хөрөнгө оруулалтаас шууд хамаарч байгаа юм. Механикаар бид алдагдалгүй төсөв өргөн барина гээд зээл тусламжаа зогсоогоод төлөвлөж болно. Өөрөөр хэлбэл, дэд бүтцээ дэмжих хөрөнгө оруулалтаа тэглэнэ гэсэн үг. Үүн шиг амархан зүйл байхгүй. Гэвч нөгөө талд хувийн хэвшил рүү чиглэсэн ямар ч дэмжлэггүй болно л гэсэн үг. Тэгэхээр бид хэдий алдагдалтай мэт харагдах ч хувийн хэвшлээ дэд бүтцээр дэмжих энэ сонголтыг хийхээс өөр аргагүй.
Түүнчлэн төсвийн төслийн онцлогуудаас дурдвал, ирэх онд эрүүл мэндийн салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 211.6 тэрбум, гадаадын зээл тусламжаар 1 их наяд 89 тэрбум буюу нийт 1.3 их наяд төгрөгийн санхүүжилт төлөвлөв. Үүгээр Хавдрын эмнэлэг, Эс эд эрхтэн шилжүүлэх суулгах эмнэлэг, Зүрх судасны эмнэлгийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх бөгөөд гадаад зээлээр 17 аймгийн эмнэлгийн барилгыг шинэчлэх, эрчимт эмчилгээ болон яаралтай тусламжийг сайжруулж, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг санхүүжүүлэхээр тусгасан байна.
Мөн ирэх оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, энэ салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 448 тэрбум, гадаадын зээл тусламжаар 593.6 тэрбум буюу нийт 1 их наяд төгрөгийг зарцуулахаар төлөвлөжээ. Улмаар нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 6 хувиар нэмэгдүүлэхээр тооцсон байна.
Эрчим хүчний салбарт нийт 3.9 их наяд төгрөгийн бүтээн байгуулалт хийх бөгөөд санхүүжилтийг төсөв, гадаад зээл тусламж, төр хувийн хэвшлийн түншлэл, бонд зэргээр хуваарилах аж. Түүнчлэн бага дунд орлогтой иргэдийн татварын дарамтыг багасгах, төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийг тэлэх, төрийн албаны чиг үүргийг давхардлыг арилгаж, цомхон чадварлаг болгох зэрэг чиглэлээр төсвөө төлөвлөснийг Засгийн газрын тэргүүн олон нийтэд танилцуулсан.
Тэгвэл ирэх оны төсөвт дээрх төсөл арга хэмжээг тусгаж, орлого, зарлагаа бууруулсан нь эдийн засгийн нөхцөл байдалтай нийцтэй байгааг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс дүгнэсэн. Гэхдээ тус зөвлөлөөс төсвийн бодлого чиглэлийг жил бүр өөрчлөхгүйгээр тогтвортой байлгахад анхаарах шаардлагатайг хэлж байгаа юм. Угтаа төсвийн бодлогыг тогтвортой байлгах, алдагдалгүй төсөв баталж, мөчлөг сөрсөн бодлого баримтлах нь ирээдүйд үүсэх эрсдэлээс хамгаалах, эдийн засгаа тогтвортой өсгөх гол арга зам билээ.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Ж.Дэлгэрсайхан
Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан төсвийн орлого, зарлагыг бууруулж байгаа нь бодлого чиглэлтэй нийцсэн гэж дүгнэж болно. Өмнө нь хэт тэлж байсан зардлын хувь хэмжээг бууруулж, ковид цар тахлын өмнөх үе рүү хүргэхийг зорьж байгаа нь бодлогын хувьд зөв. Харин цаашид төсвийн тогтвортой байдлыг хангахад анхаарах шаардлагатай. Эдийн засгийн уналттай үед мөчлөг сөрсөн бодлого баримтална гэж яриад өсөлттэй үед мартдаг асуудал бий. Энэ бол түүхэн алдаа. Үүний давтахгүй байхад анхаарах нь зөв. Цаашид төсвийн бодлогоо тогтвортой хадгалах ёстой гэсэн нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өгсөн саналын гол хэсэг.

Нүүрсний сорилт
2026 он бол өөдрөг төлөвлөлтөөс уруудаж буй энэ оны үргэлжлэл. Эдийн засгийн өсөлтөө 6.5 хувиар төсөөлж байсан нэг жилийн өмнөх зураглал одоо 5.7 хувийн үзүүлэлт дээр бууж байна. Оны төгсгөлд 5.5 хувь болж буурах, ирэх жил ч энэ орчимд байх төлвийг Азийн хөгжлийн банк есдүгээр сарын тайландаа танилцууллаа. Гэхдээ уул уурхайн салбарын олборлолт саарч, алт, зэснээс бусад түүхий эдийн үнэ ханш унаж, өвөлжилт, геополитикийн нөхцөл байдал тодорхойгүй байгаа энэ үед эрсдэл, сорилт хэвээр бий. Өөрөөр хэлбэл, өсөлтийн гол хөдөлгүүр болох нүүрсний зах зээлийн үнэ ханш болон БНХАУ-ын зах зээл бүрэн сэргээгүй зэрэг нь нөлөөлнө.
Энэ жил л гэхэд манай улс 83 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байв. Гэвч оны эхний долоон сарын байдлаар нүүрсний экспортын биет хэмжээ 44.4 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар, нүүрсний хилийн үнэ тонн тутамдаа 70 ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 40.1 хувиар тус тус буурсан. Үүнээс хойш аажмаар экспорт нэмэгдэж, оны эцэс гэхэд 80 сая тоннд хүрэх тооцоотой байгааг салбарынхан мэдээлж байгаа. Гэхдээ өнгөрсөн жилийн өдийд төлөвлөж байсан хэмжээнд хүрэхгүй төдийгүй үнэ буурснаар зорьсон түвшинд хүрч чадахгүй нь тодорхой боллоо. Тэгвэл нөлөөлөх хүчин зүйлс хэвээр байх төлөвтэй ирэх онд 90 сая тонн нүүрс экспортлох нь тийм ч хялбар биш. Цаашлаад төсөөлөөгүй нөхцөл байдал эдийн засагт гол нөлөө үзүүлэгч нүүрсний зах зээлээс эхлээд уул уурхайн салбарт үүсэхийг хэн ч бүрэн таамаглах аргагүй.
Төсвийн хуваарилалтад үр дүн гарч байж л зөв төлөвлөлт, бодлого болно. Гэвч төсөлд наад захын бичиг баримтгүй, бүрдүүлэлт дутуу, хөрөнгө оруулалтын хуваарилалт буруу зэрэг зөрчилтэй олон төсөл арга хэмжээ байгааг аудитын байгууллага тодорхойлжээ. Тухайлбал, 2026 онд улсын төсвөөр 76 шинэ төсөл, арга хэмжээг 314.9 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээрт сургууль, цэцэрлэг, эмнэлэг, спорт заал, үерийн хамгаалалтын далан, авто зам зэрэг олон нийтийн хэрэгцээтэй төслүүд багтжээ. Гэсэн ч эдгээр төслийн зарим нь зураг төсөл, ТЭЗҮ-гүй, мөн санхүүжилтийн хуваарилалт хугацаатайгаа уялдаагүй байгааг тайланд дурдсан байна.
Мөн 391.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий таван төсөл арга хэмжээ зураг төсөл, төсвийн магадлалгүй тул хуулийн шаардлага хангаагүй гэж үзжээ. Ганцхан жишээ дэлгэрүүлж дурдахад, монголчуудын хамгийн их хүлээж байгаа “Хавдар судлалын үндэсний төв 2” цогцолборын барилга, гадна шугам сүлжээний төсөл арга хэмжээ үүнд багтаж байна. Улсдаа ганцхан эмнэлэгтэй, үзүүлэх цаг хугацаа нь хэдэн сараар хэмжигддэг, дараалал ихтэй, ачаалал өндөр хавдрын эмнэлгийн хоёрдугаар төвийг байгуулчихвал үзүүлэх явцдаа л хүндэрдэг аюулт өвчнийг арай эрт эмчилдэг болно. Гэтэл хэдэн жил ярьж, хөрөнгө оруулалтыг төсөвт суулгахдаа зураг төсөл, төсвийн магадлалгүй оруулав.
Харин энэ алдааг албаныхан Эрүүл мэндийн яамтай холбож байна. Энэ талаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат “Эрүүл мэндийн яамны анхны батлагдсан төсөв дээр 2025 оны төсвийн тодотголоор нэмж 60 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж авах хөрөнгийг тусгаж, УИХ-аар баталсан. Үүнийгээ ашиглаж чадаагүй тул хураалгасан. Өөрөөр хэлбэл, захиалагч буюу салбарын яамдууд төслийн бэлэн байдлыг хангуулах хариуцлагын асуудалд анхаарал сул байна” гэв.
Үүнээс гадна цаг уурын байгууллага, НҮБ-ын суурь конвенцын барилгын төсөл хуулийн шаардлага хангаагүй ангилалд багтсан байна. Зураг төсөвгүй төсөл арга хэмжээг төсөвт суулгахыг хориглохоор хуульчилсан байдаг. Харин эдгээр төслийг хэрхэн зохицуулж, шийдвэрлэх нь хэлэлцүүлгийн үеэр тодорхой болох биз ээ.
Түүнчлэн 1.5 их наяд төгрөгийн санхүүжилттэй 75 төсөл арга хэмжээ санхүүжилтийн хуваарилалтын зөрчилтэй байгааг аудитын мэдээлэлд өгүүлжээ. Тухайлбал, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын өргөтгөл, Дундговийн дулааны станцын 2 дугаар хэлхээ зэрэг төсөл байна. Эдгээр төслийг энэ чигээр нь төсөвт тусгаснаар ашиглалтад орох хугацаа сунжирч, төсвийн хөрөнгө үр ашиггүй зарцуулагдах эрсдэл тулгарч буй.
Түүнчлэн зарим УИХ-ын гишүүн ч төсвийн бодлого төлөвлөлт уялдахгүй, шалгуур үзүүлэлт хангалтгүй, мөнгө дэмий үрэхээр харагдаж буйг шүүмжилж байна.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц
Хөгжлийн төлөвлөгөө, төсөв хоёр уялдахгүй байна. Шалгуур үзүүлэлтүүд уялдахгүй байна гэдэг бид төлөвлөж ч чадахгүй байна. Төсөвлөж ч чадахгүй байна. Үнэхээр шаардлага хангахгүй байгаа төсөл арга хэмжээг төсөв захиран зарцуулагчид нь буцааж болдоггүй юм уу.
Энэ мэтчилэн эргэж харах, зөв төлөвлөх шаардлагатай олон асуудал байгааг эрх мэдлийн төлөөх зөрчилд анхаарлаа сарниулсан шийдвэр гаргагчид анхаармаар байна. Өнгөрсөн жил хуулийн хугацаандаа бараг багтаж батлаагүй, дараа нь тодотгохоор төлөвлөсөн төсвийн хуулийг Ерөнхийлөгч хориг тавьж буцааж байсан. Улмаар орон нутгийн төсөв батлах хугацаатай зэрэгцэн алдагдалгүй гэх нэршилтэй 2025 оны төсвийг баталж байв. Энэ жил ч төсөв хэлэлцэн батлах үйл явцад улс төрийн нөхцөл байдал хаашаа ч эргэж мэдэхээр байна. Гэлээ ч төсөв бол ямар ч үед анхаарлаас гадуур орхиж болохгүй төрийн ажил. Тэр тусмаа ирэх оны төсөв эдийн засгийн эрсдэлтэй орчинд хэрэгжиж, нийгмийн салбаруудыг дэмжих давхар зорилт тээж буй нь үнэн. Түүнчлэн төсвийн бодлогоо тогтвортой байлгаж, эдийн засаг сэргэсэн үед хуримтлуулж, унасан үед хэрэглэх мөчлөг сөрсөн бодлогоо баримталдаг жишиг тогтооход анхаарах нь зүй билээ.