
“Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол” боллоо. Уг ёслолыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил 63 137 хүүхэд 16 нас хүрч байна. Тэдний төлөөлөл болж 850 хүүхэд Төрийн ордонд иргэний андгайгаа өргөлөө.
Ерөнхий сайд Г.Занданшатар иргэний андгай өргөх ёслолд оролцож,16 настнуудад баяр хүргэж, үг хэллээ. Тэрбээр “ Монгол Улсын иргэн болно гэдэг нь зөвхөн иргэний үнэмлэх авах тухай бус. Монгол гэдэг нэрийг зүрхэндээ тээж явах андгай, амлалт юм. Өнөөдрөөс эхлэн эх орныхоо ирээдүйг хариуцах ухамсар. Та бүхэн бол Монголын шинэ итгэл юм" гэв.
Иргэний андгай өргөх ёслолд оролцсон сурагчид “Үнэн шударга, цэвэр ариун, оюун төгс, хөдөлмөрч хичээнгүй” иргэн байхаа андгайлж, нийт сурагчдаа төлөөлөн 15 сурагч иргэний үнэмлэхээ гардан авлаа.