
Нэгэн үе монголчуудын “саалийн ганц үнээ” байсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр барина гэдгээ Засгийн газар зарласан.
Ингэхдээ дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө буюу I улиралдаа багтан төслийн хамтрагчаа сонгон шалгаруулна гээд байгаа юм. Тэртээ 30 жилийн өмнөөс л ярьж, бас судалгааг нь эхлүүлсэн боловч ажил болголгүй олон оныг ардаа үдсэн Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр одоо харин бодит болж чадах болов уу? Түүх хэрхэн өрнөснийг эхлээд тольдоцгооё.

Эрдэнэт, Оюутолгой гэсэн хоёр том ордоос Монгол Улсын зэсийн экспорт бараг 100 хувь хамаардаг. Тэр дундаа 1978 оноос эхлэн 48 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа “Эрдэнэт” үйлдвэр нэгэн үе “саалийн ганц үнээ” гэгдэж байсан ч уул уурхайн баялаг шавхагддаг учраас цагийн эрхээр “Эрдэнэтийн овоо” ордын уул геологийн нөхцөл жилээс жилд хүндэрсээр. Уурхай гүнзгийрэхийн хэрээр хүдрийн хатуулаг нэмэгдэж, хүдэр дэх зэсийн агуулга буурсаар буй.

Хүдэр дэх зэсийн агуулга буурч байгаа ч өнгөрсөн хугацаанд олборлолт, үйлдвэрийн суурилагдсан хүчин чадлаа нэмэгдүүлэх арга хэмжээ авч, 4 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадлаа 40 саяд хүргээд буй. Үйлдвэрийн суурилагдсан хүчин чадлаас гадна нөөц ч нэмэгдсэн. “Эрдэнэт” үйлдвэр 1972 онд 4.2 сая тонн зэс, 89 мянган тонн молибден агуулсан 521.7 сая тонн хүдрийн нөөцтэй үйл ажиллагаа эхлүүлж байв. Ордын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр геологийн болон ашиглалтын хайгуулын ажлыг хийсний үр дүнд 1989, 2016, 2021 онуудад, хамгийн сүүлд 2024 онд ордын нөөцийг шинэчилж, Эрдэнэтийн овоо орд 3.39 тэрбум тонн хүдрийн нөөцтэй, 55 жил буюу 2079 онд хүртэл ажиллах боломжтой гэж тооцжээ.
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор Б.Чинзориг
Лондоны металлын бирж дээр 22.5 хувийн агуулгатай зэсийн баяжмал буюу 1 тонн зэсэд 225 кг цэвэр зэс агуулагдаж байж бүтээгдэхүүн зарагддаг. Манай улс зөвхөн хайлуулах үйлдвэрүүдэд зэсийн баяжмалаа өгч байгаа.Цаашид зэсийн баяжмалаа дотооддоо хайлуулах замаар бид өөрсдөө цэвэр зэс гаргаж авъя.Цэвэр зэс гаргавал арай олон газар зарах боломж бүрдэнэ гэдэг агуулгаар л зэс хайлуулах үйлдвэр барихаар зорьж байгаа. Орд хүндрээд байдаг, бага агуулгатай бүтээгдэхүүнээ заръя гэхээр авах газар багасаад, тээврийн зардлаас эхлээд ханшийн өсөлтөөс шалтгаалж бараа материалын зардал өсөж байгаа зэрэг нь үйлдвэрлэлийн зардлыг өсгөж байна. Үйлдвэр ашигтай ажиллах, цаашлаад эдийн засгийн оролцоогоо энэ хэвээр хадгалах, төсвийн орлого бүрдүүлэх шаардлагатай байгаа учраас орлогоо яаж нэмэгдүүлэх вэ гэдэг дээр ухаан зарж байгаа хэрэг. Энэ зарчмаар л Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр байгуулах асуудал яригдаж байгаа.
Уул уурхайн шинжлэх ухааны академич Д.Галсандорж
Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэр 560 мянган тонн зэсийн баяжмал гаргаж байгаа ч жилээс жилд зэсийн баяжмалын агуулга буурч, ил уурхайн уул геологийн нөхцөл ч хүндэрч байгаа. Иймээс ч Зэс хайлуулах үйлдвэр барих асуудал яригдаж байна. Жилд 120 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадалтай баригдах энэ үйлдвэр нь олон улсад жижиг үйлдвэр ч манай улсад бол томд тооцогдоно. Үйлдвэр баригдаж, ашиглалтад орвол зэсийн баяжмал экспортлохгүйгээр цэвэр зэс үйлдвэрлэнэ, зөвхөн цэвэр зэс биш зэс утас, кабель зэрэг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа.
Гурилын үйлдвэрүүд үйлдвэрлэсэн гурилаараа талх, нарийн боов хийж зарахтай адил, өнөөдөр үйлдвэрлэж байгаа зэсийн баяжмалын дараагийн шатны боловсруулалт нь Катодын зэс үйлдвэрлэх явдал.
Эрдэнэтчүүдийн 30 гаруй жилийн мөрөөдөл гэж хэлж болохоор Зэс хайлуулах үйлдвэр барих судалгааны ажил 1987 оноос эхэлж, 2016 онд JICAаас зэс хайлуулах үйлдвэр дангаараа ажиллах нь ашиг багатай учраас иж бүрэн цогцолбор байдлаар барих нь илүү үр дүнтэй гэж зөвлөжээ. Энэ дагуу 2022 оноос “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэсэн Үйлдвэр, технологийн парк байгуулах ажлыг эхлүүлж, өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэр 68 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг дэд бүтцийн бүтээн байгуулалтад зарцуулжээ. Усан хангамж, төмөр замын ажлууд дуусаж, улсын комисс хүлээн авсан бол авто замын ажил нь 60 гаруй хувьтай, цахилгаан хангамжийн ажил нь 30 гаруй хувьтай үргэлжилж буй.
“Зэс боловсруулах цогцолбор” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батсайхан
2019 онд “Эрдэнэт” үйлдвэр өөрийн хөрөнгөөр ТЭЗҮ боловсруулж, мэргэжлийн зөвлөлөөр баталгаажуулж, 2024 онд ТЭЗҮ-ийг тодотгосон. ТЭЗҮ-ийн тодотголоор Зэс хайлуулах үйлдвэр байгуулах нь ашигтай гэж гарсан. Логикийн хувьд харахад ч үйлдвэр барих хамтрагчийн сонгон шалгаруулалтад олон улсын 13 компани санал ирүүлсэн. Хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн чухал нь ашиг. Хэрвээ ашиггүй байсан бол эдгээр компани хамтрах санал ирүүлэхгүй шүү дээ. Бид дараагийн шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн 4 компаниас Монголын талд ямар ашиг, давуу тал өгөх вэ, хэрхэн төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх вэ гэдэг саналыг нь авахын тулд өөрсдийн саналыг боловсруулж байна. Энэ төсөл нь Монголын талаас зөвхөн хамаарахгүй, хамгийн чухал шийдвэрийг хөрөнгө оруулагч тал гаргах учраас хөрөнгө оруулагчдын санал бүрийг нарийвчлан авч үзнэ.

Энэ төсөлд хамгийн сайн гэж үнэлэгдэхүйц хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар ижил төстэй төсөл хэрэгжүүлсэн туршлага, техник, технологийн шийдэл, санхүү эдийн засгийн чадавх, давуу тал зэрэг үзүүлэлтийг харгалзан БНХАУ-ын “Эн Эф Си” компани, мөн БНХАУ-ын “Жянши Коппер” компани болон БНХАУ-ын “Ляньтоу Нью Энержи Технологи”, “Чайна ЭнФи Инженеринг Корпорац”, “Шаньси Нортерн Коппер Индастри” гэсэн гурван компанийн түншлэл, Швейцарын “Гленкор Интернэшнл ЭйЖи” компанийг сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгаруулаад буй.
ШУТИС-ийн геологи, уул уурхайн сургуулийн профессор Б.Чинзориг
Хөрөнгө оруулагчийг сонгохдоо технологийн хувьд маш сайн харах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд түүхий эдээр бүтээгдэхүүн гаргах, тухайн бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад анхаардаг байсан бол өнөөдөр тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэдэг ойлголтыг цогцоор авч үзэх болсон. Нийгмийн амьдралын сайн сайхан байдлыг хангахын тулд эдийн засгаа дэмжих нь чухал ч түүний цаана байгаль орчны асуудлыг орхигдуулж болохгүй. Байгаль орчны олон улсын стандартын дагуу энэ асуудлыг авч үзэх ёстой. Шинэ технологийг сайн бүтээгдэхүүн гаргах гэдгээс гадна байгаль орчинд үзүүлэх нөлөө ямар юм бэ гэдгээр үнэлдэг. Сөрөг нөлөө, эрсдэл хамгийн бага түвшинд барьж байгаа гэдгээрээ ч технологийн компаниуд өрсөлдөж байна. Энэ бол хөрөнгө оруулагчийг сонгох хамгийн том хүчин зүйл байх учиртай.
Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалт 772.9 сая ам.доллар гэж тооцсон бол хөрөнгө оруулалтаа 8.87 жилд нөхнө гэх тооцоо бий. Харин манай улсын хувьд ТОП-100 компанийг 20 жил тэргүүлж, 2024 онд манай улсын эдийн засгийн 5 хувийг бүрдүүлж, улс, орон нутгийн төсөвт 1.5 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, гадаад валютын нөөцөд жилд 1.1 тэрбум ам.доллар бүрдүүлдэг гээд аялал жуулчлалын салбараас ч илүү эдийн засгийн нөлөөтэй “Эрдэнэт” үйлдвэрээ аврах боломж гэлтэй.
1997 онд “Эрдмин” ХХК, 2014 оноос “Ачит ихт” ХХК, 2023 онд “Зэс эрдэнийн хувь” компаниуд Эрдэнэтийн уурхайн дэргэд катодын зэс бага хэмжээгээр үйлдвэрлэж, жилдээ 15 мянган тонн цэвэр зэс гаргаж байгаа бол Зэс хайлуулах үйлдвэр ашиглалтад орвол энэ хэмжээ 10 дахин нэмэгдэх боломжтой. Эрчим хүч, технологийн шинэчлэлт, шилжилтийг дагаж дэлхийн зах зээл дээр зэсийн эрэлт нэмэгдэж, үнэ нь түүхэн дээд хэмжээнд хүрээд буй. 2024 онд дэлхийн зах зээл дээр 3.6 сая тонн, 2025 онд 5 сая тонн, 2026 онд 5.1 сая тонн зэсийн хомсдол үүсэх тооцоо гарчээ. Шинэ ордууд төдийлөн нээгдэхгүй байгаа учраас цаашид ч энэ хомсдол улам нэмэгдэнэ. Дэлхийн зах зээл дээр тонн зэсийн үнэ 13 мянган ам.доллар хэдийнэ давсан ч 2026 оны нэгдүгээр сард “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмал уул уурхайн биржээр 3000 орчим ам.доллароор зарагджээ. Зэсийн эрэлт нэмэгдэж байгаа энэ үед “Эрдэнэт” үйлдвэрийн баяжмалыг үнэд хүргэх, урт удаан хугацаанд энэ ордын эдийн засгийн нөлөөг хэвээр хадгаламж боломж нь Зэс хайлуулах үйлдвэр, цаашлаад үйлдвэр технологийн парк.
Энэ оны эхний улиралд төслийн хамтрагчийг сонгож, Засгийн газар хөрөнгө оруулагчтай гэрээнд гарын үсэг зурж, энэ гэрээг УИХ соёрхон баталсны дараа, үйлдвэрийн бүтээн байгуулалт эхлэх учиртай. Улстөржилт, улсын хөгжлийг арагш чангаагч нарын нөлөө хэр байхаас их зүйл хамаарах биз ээ.