
ОХУ-ын Чита хотод болж буй Олон улсын хүүхдийн спортын ХII наадмын албан ёсны нээлтийн арга хэмжээ өнөө орой болно. Уг наадамд манай улсаас спортын найман төрөлд 81 тамирчин өрсөлдөж байна.
Наадмын шатрын багийн төрөл өнөөдөр эхэллээ. Монгол Улсаас нэг, ОХУ-ын Чита хотоос хоёр, ОХУ-ын Буриад улсаас нэг баг оролцож байна. Манай улсын багт “Таван хан” клубын дасгалжуулагч, Олон улсын дасгалжуулагч, спортын мастер Ө.Бат-Очирын удирдлага дор Б.Сэргэлэн, Б.Цолмон, Д.Цэлмүүн нар тоглож байна.
Б.Сэргэлэн нь Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай, дэд мастер цолтой бол Б.Цолмон нь Олон улсын дэд мастер, Ази тивийн аварга, УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтай, Д.Цэлмүүн дэлхийн аварга, Азийн аварга, Зүүн Азийн аварга, Олон улсын эмэгтэйчүүдийг дэд мастер цолтой тамирчин юм. Тэднийг дасгалжуулж буй Ө.Бат-Очир нь шатрын спортоор 20 жил дасгалжуулагчаар ажилласан ба түүний шавь нараас ДАШТ-ээс нэг алт, Азийн АШТ-ээс 90 орчим медаль хүртжээ.
Тэмцээн болж буй “Динамо” спорт цогцолборт 12 төрлийн спортын тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилтыг нэгэн дор зохион байгуулах хүчин чадалтай бөгөөд тус ордонд Монголын волейболын баг тамирчид бэлтгэл сургуулилтаа хийж, маргааш эхний тоглолтоо хийнэ.
Тус наадмын нээлтийн ёслол өнөөдөр Улаанбаатарын цагаар 18:00-с эхэлнэ.