
Өмнөд Солонгосын шигшээ баг 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий эхний тоглолтдоо Чехийн багийг 2:1-ээр буулган авч, хасагдах шатанд шалгарах зорилгодоо хүрэх эхний даваагаа амжилттай давлаа.
Баруун Мексикийн Гвадалахара хотын ойролцоох Сапопан дахь Estadio Guadalajara цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын эхний үе гоолгүй өндөрлөсөн юм.
Хоёрдугаар үед Чехийн шигшээ түрүүлж гоол оруулсан бөгөөд 59 дэх минутад Ладислав Крежчи мөргөж гоолдсоноор багтаа эхний оноог авчирсан.
Гэвч Өмнөд Солонгос хурдан хариу барьж, 67 дахь минутад Хван Ин-Бом тэнцээний гоолыг оруулав.
Улмаар тоглолтын 80 дахь минутад сэлгээгээр талбайд гарсан О Хён-Гю Хван Ин Бомын дамжуулалтыг ашиглан шийдвэрлэх гоолыг оруулжээ.
Үүнээс хэдхэн минутын өмнө Чехийн оруулсан байж болох нэг гоол офсайдын улмаас хүчингүй болсон байна.
Энэ нь Өмнөд Солонгосын шигшээ ДАШТ-ий эхний тоглолтоо ялалтаар өндөрлүүлсэн дөрөв дэх тохиолдол болж байна. Өмнө нь тэд 2002, 2006, 2010 оны дэлхийн аваргуудад эхний тоглолтдоо ялж байсан бөгөөд 2002, 2010 онд хасагдах шатанд шалгарч байв.
Өмнөд Солонгос А хэсгийн дараагийн тоглолтоо тэмцээнийг хамтран зохион байгуулагч орнуудын нэг болох Мексикийн шигшээ багтай ирэх пүрэв гаргийн орой мөн Estadio Guadalajara цэнгэлдэх хүрээлэнд хийнэ.
Харин тэмцээний нээлтийн тоглолтод Мексикийн шигшээ баг Өмнөд Африкыг 2:0-ээр буулган авчээ.