
Алт, мөнгөний үнэ түүхэнд байгаагүй өндөр түвшинд хүрсэн ч эргээд буурсан. Алт сүүлийн нэг жилд хоёр дахин өсөж, өнгөрсөн долоо хоногт анх удаа унци нь 5000 ам.долларыг давлаа. Харин мөнгөний үнэ гурав дахин өсжээ.
Амьжиргааны өртөг өндөр хэвээр байгаа энэ үед энгийн америкчууд боломжтой бүхнээ бэлэн мөнгө болгох гэж байна. АНУ даяарх ломбард, зоосны дэлгүүрийн эздэд алт, мөнгөний гулдмай, ембүү, мөнгөн аяга таваг, эвдэрсэн гоёл чимэглэл зарах хүмүүс урьд өмнөхөөс хавьгүй олширсон гэдгийг CNN онцлов.
Алт, мөнгийг “аюулгүй орогнол” гэж үздэг. Өөрөөр хэлбэл, Уолл-стрит АНУ-ын эдийн засгийн ерөнхий байдалд санаа зовж эхлэхэд ихэвчлэн макро эдийн засгийн асуудал, геополитикийн хурцадмал байдлаас үүдэн хөрөнгө оруулагчид мөнгөө эдгээр метал руу шилжүүлдэг.
Тиймээс Ерөнхийлөгч Доналд Трамп Гренландыг авах талаар мэдэгдэл хийх, эсвэл Канад, Өмнөд Солонгосийн гаалийн татварыг нэмнэ гэх сүрдүүлгийн үед алт, мөнгөний үнэ өсдөг.
Энэ бол “Хөрөнгийн зах зээлд томоохон уналт болох юм уу, эсвэл инфляц дахин сэргэх, хурдсах үед алт, мөнгө үнэ цэнээ хадгалж чадна гэсэн итгэл, найдвар юм ”гэж Saxo Bank-ийн түүхий эдийн стратегийн газрын дарга Оле Хансен CNN-д ярьжээ.
Алт, мөнгөний ханшийн өсөлт Өндөр үнэ нь зарахад таатай, худалдан авагчдын хувьд ч ашигтай байж магадгүй. Goldman Sachs болон Bank of America-ийн таамаглалаар, алт энэ оны эцэс гэхэд унци нь 5400–6000 ам.доллар хүрч өсөх боломжтой аж.
Зоос, цаг, үнэт эдлэл худалдан авдаг Witter Coin заримдаа нэг удаагийн хэлцлээр 1 сая ам.долларын үнэтэй металл авсан тохиолдол ч бий гэж тус ломбардын эзэн Чандлер хэлжээ.
Гэвч үнэ ингэтлээ өссөн тул эдгээр эд зүйлсийг дахин зарахын оронд түүхий металл хэлбэрээр нь хайлуулах үйлдвэр рүү илгээх нь илүү ашигтай болжээ.
“1880-аад онд гар аргаар бүтээсэн, 18 каратын алт халаасны цаг байсныг хайлуулахдаа үнэхээр зүрх шимширсэн. 145 жилийн настай, магадгүй хэдэн хүн долоо хоногийн турш гараараа урласан, 180 өөр эд ангитай бүтээл шүү дээ ”гэж Чандлер ярив. “Гээд яахав дээ, бид цагийг задалж, алтыг нь хайлуулах хэрэгтэй болсон” гэж тэрээр харамсангуй хэлжээ.

Мөнгө “гялалзах” цаг
Иллинойс мужийн Арлингтон Хайтс хот дахь Arlington Jewelry and Pawn-ын эзэн Келли Свишер хэлэхдээ, одоогийн үнэт металлын халуурал түүнийг долоо хоног бүр хэдэн арван мянган ам.долларын худалдан авалт хийхэд хүргэж байна гэв. Алт олон жилийн турш тогтвортой өссөн ч, мөнгө ингэж огцом өснө гэж тэр төсөөлөөгүй аж.
“Дөнгөж сая нэг том мөнгөн хоолны хэрэгсэл авч, эзэнд нь 6000 ам.доллар өгсөн” гэж Свишер хэлэв. “Жилийн өмнө бол 2700–2800 л байх байсан” гэнэ.
Мөнгөний үнэ 2025 онд 141 хувиар өссөн нь 1979 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд энэ онд л гэхэд хэдийн 32 хувиар нэмэгджээ. Аюулгүй орогнолын шинжээс гадна аж үйлдвэрийн эрэлт өндөр, мөн нийлүүлэлтийн хомсдол үнэ өсөхөд нөлөөлж байна.
“Сарын өмнө долоо хоногт хоёр хүн л мөнгөтэй орж ирдэг байсан. Харин одоо өдөрт дунджаар 10-аас дээш хүн янз бүрийн мөнгөн эдлэл барьж орж ирж байна”гэж Детройт хотын American Jewelry and Loan-ийн дэд ерөнхийлөгч Сет Голд хэллээ.
Алт, мөнгөний ханш ийн “халуурч” байгаа тул хүмүүс зөвхөн гэр бүлийн мөнгөн хэрэгсэл, Costco-оос авсан алтан гулдмайгаа ч биш, харин хэрэггүй, эвдэрсэн гоёл чимэглэл, алтны хаягдлаа хүртэл шүүгээнээсээ ухан гаргаж байна.
Амьжиргааны зардалдаа дарагдсан олон америкчуудын хувьд эдгээр борлуулалт нь их ашигтай, заримд нь амьдралыг өөрчлөхүйц зүйл болжээ.