
Шинэ Зеландын хэт холын зайн (ultrarunning) тамирчин Софи Вүүдс Европын найман улсыг дамнан нийт 1240 миль (ойролцоогоор 2000 км) замыг туулж, дэлхийн хамгийн хүнд тэсвэрийн сорилтуудын нэг болох Виа Алпина маршрутыг хамгийн богино хугацаанд туулсан эрэгтэй, эмэгтэй бүх тамирчны амжилтыг шинэчиллээ.
42 настай Вүүдс Италийн Альпийн нуруунаас эхэлж, Словени, Австри, Герман, Лихтенштейн, Швейцар улсуудыг дайран эцэст нь Франц болон Монако хүрдэг Виа Алпина маршрутыг амжилттай туулсан байна.
Тэрээр энэхүү сорилтыг 29 хоногт дуусгаж, Их Британийн тамирчин Жейк Каттераллын 2024 онд тогтоосон дээд амжилтыг 6 хоногоор, мөн өмнөх эмэгтэйчүүдийн дээд амжилтын эзэн Нидерландын Тесса Касперсийн 38 хоногийн амжилтыг 9 хоногоор ахиулжээ.
Түүний аялал долоодугаар сарын 4-нд Италийн зүүн хойд хэсгийн боомт хот Триестээс эхэлж, өнгөрсөн бямба гарагт Монакод өндөрлөсөн байна.

Instagram-д нийтэлсэн гэрэл зургууд нь түүний туулсан зам ямар хүнд байсныг харуулжээ. Үүнд Словенийн эгц хадат авиралт, Германаас Австри руу шөнийн цагаар гүйсэн хэсэг зэрэг багтсан байна. Вүүдс өмнөх бүх гүйлтийн туршлага нь энэ сорилтод бэлтгэсэн гэж хэлээд "Техникийн хувьд хүнд уулс, ил задгай нарийхан нуруудыг өмнө нь олон удаа туулж байсан" хэмээн дурсжээ.
Гэхдээ энэ удаагийн сорилтыг өмнөх бүх амжилтаас нь ялгаруулсан зүйл нь зайны урт болон үргэлжилсэн хугацаа байсан гэж тэр онцолсон байна.
"Хоёр дахь өдөр юу хийсэн чинь хорин хоёр дахь өдөр ямар байхыг чинь тодорхойлно. Энэ бол огт өөр төрлийн сорилт" гэжээ.
Тэрээр BBC-д өгсөн ярилцлагадаа эхний долоо хоногийн дараа булчин нь хавдаж, маш их өвдөж эхэлсэн гэж ярьсан байна. Мөн дээд амжилтыг эвдэхийн тулд маршрутын төгсгөл хэсэгт шөнөдөө хоёр цаг хагасаас бага хугацаанд унтаж байжээ.
Түүнчлэн Европыг хамарсан хүчтэй халалтын үеэр ой хээрийн түймрийн ойролцоо гүйх нь "аймшигтай" байсан талаар ч мөн ярьсан байна.
Түүний рекорд тогтоосон аяллын үеэр Европын зарим бүсэд агаарын температур 100°F (ойролцоогоор 38°C)-аас давжээ.