
Хууль зүйн дотоод хэргийн сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр" Орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгахаар ажлын хэсэг байгуулагдаад эрчимтэй ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийт 3 111 иргэний 173 хэргийг цагдаа прокурортой хамтарч тусгай ажлын хэсэг байгуулж, тодорхой арга хэмжээг авч ажиллаж байна. Орон сууцны залилантай холбоотойгоор 107 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Ерөнхийдөө орон сууцны залиланд нийт 320 гаруй тэрбум төгрөгийн хохирол иргэдэд учирсан байгаа юм. Иймд бидний зүгээс ойрын хугацаанд эхний ээлжид 107 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулахаар шуурхай ажиллаж байна.
Энэхүү хохирлыг барагдуулахад анхаарал татсан 15 аж ахуйн нэгжийг шалгаж, хохирол учирсан шалтгаан, нөхцөлийг тогтоох зэрэг арга хэмжээ авч, иргэдийн хохирлыг барагдуулна. Мөрдөн шалгах албаны залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажлын хэсэг орон сууц барих захиалгын гэрээ байгуулан иргэдийг залилсан гэх зарим аж ахуйн нэгжийн удирдлага болох 21 этгээдийн хамаарал бүхий 363 иргэний нэр дээр бүртгэлтэй 823 үл хөдлөх хөрөнгө, 226 газар эзэмших эрх, 102 автомашиныг тодорхойлж ажилласан. Улмаар тухайн этгээдүүдийн орон сууцны захиалга авч эхэлснээс хойших хугацаанд өмчлөх, эзэмших эрх үүссэн 250 үл хөдлөх, 132 газар эзэмших эрх, 53 автомашиныг илрүүлж, дээрх хөрөнгийн эх үүсвэрийг тодорхойлох чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа.
Ирэх долоо хоногт Засгийн газар барилгын тухай хуулийг өргөн барина. Энэ хууль нэг байрыг олон дахин зарах боломжгүй, баригдаж дуусаагүй байранд гэрчилгээ өгдөггүй байх зохицуулалттай болно. Зөрчилтэй барилгыг иргэд найдвартай нэгдсэн системээс хардаг болно" гэлээ.