
Өнгөрсөн долоо хоногт Теннесси мужийн эрх баригчдын үхлийн тариагаар цаазлах оролдлогоос амьд үлдсэн, хүн амины хэрэгт ял шийтгүүлсэн Криста Пайк ухаан орж, ярьж эхэлжээ. Энэ талаар түүний өмгөөлөгчид мягмар гарагт мэдэгдлээ.
Өнгөрсөн лхагва гарагт цаазлах ажиллагаа нь амжилтгүй болсон гэмт хэрэгтэн Пайк эмнэлгийн тусламж авч байгаа юм. Цаазын ял гүйцэтгэхэд ашигласан тариаг судсаар хийх оролдлогын үеэр гар нь хүнд гэмтсэн ч “эмнэлгийн орон дээрээ гав, дөнгөтэй хэвээр байна” талаар өмгөөлөгчид нь мэдэгдэв.
Пайкийн хэргийг лхагва гарагт Дэвидсон дүүргийн Канцлерын шүүхэд хэлэлцэхээр товлосон байна.
Уг шүүх хурал нь бүтэлгүй болсон цаазын ажиллагааны үеэрх нотлох баримтыг хадгалуулах тухай өмгөөлөгчдийн хүсэлттэй холбоотой аж. Тэдгээр нотлох баримт нь Теннесси мужийн Засан хүмүүжүүлэх газрыг Пайкийн Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж, “хэрцгий, ер бусын ял шийтгэл” ногдуулсан болохыг харуулах боломжтой гэж өмгөөлөгчид үзэж байна.
Пайк 30 жилийн өмнө 19 настай сургуулийн найз Коллин Слеммерийг тамлан хөнөөсөн хэрэгт оролцсон хэргээр цаазаар авах ял сонссон. Тэрбээр есдүгээр сарын 30-ны орой мужийн нийслэл Нэшвилл дэх Ривербендийн чанга дэглэмтэй хорих байгууллагад цаазын ялыг гүйцэтгэх оролдлогоос амьд үлдсэн бөгөөд түүнээс хойш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Өмгөөлөгчид нь өнгөрсөн баасан гарагт үйлчлүүлэгч нь ухаангүй, биеийн байдал нь хүнд, амьсгалахад нь аппарат шаардлагатай хэвээр байгаа гэдгийг дурдаад эмч нар пентобарбитал хэмээх эмийг биеэс нь гадагшлуулахын төлөө ажиллаж байгаа талаар мэдээлж байв.
Өмгөөлөгчдийн мэдээлснээр Пайк мужийнхаа цаазаар авах ялтай эмэгтэйчүүдийн хорих ангийн цорын ганц эмэгтэй хоригдол бөгөөд 30 жил ганцаарчлан хоригдсон гэнэ.
Ингэснээр Пайк Теннесси мужид 19-р зууны эхэн үеэс хойш цаазлуулах гэж буй анхны эмэгтэй болсон төдийгүй, цаазын тариаг хэрэглэсний дараа амьд үлдсэн АНУ-ын анхны хүн гэдгээр бүртгэгдэж байна.
Цаазын ялыг эсэргүүцэгчид энэхүү явдал нь цаазын ажиллагааны хэрцгий шинжийг илчилсэн гэж мэдэгдэв. Мөн үхлийн тариагаар цаазлах ажиллагааг Үндсэн хуулийн “хэрцгий, ер бусын ял шийтгэл”-ийг хориглосон заалтыг зөрчихгүйгээр хэрэгжүүлэхэд тулгардаг хүндрэлүүдийг тодорхой харуулсан гэж үзэж байна.