
УИХ дахь АН-ын бүлгээс Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй. Үүнтэй холбоотойгоор тус намын бүлгээс Ерөнхий сайдыг огцруулах санал гаргахаа мэдэгдээд байгаа юм. Батлан хамгаалахын сайд Д.Батлут энэ асуудалд дараах хариултыг өглөө.
Тэрээр "АН-д өөр хийх ажил байхгүй юм уу. Улс оронд тулгамдсан олон асуудал байна. Тэр асуудал руугаа анхаарал хандуулахгүй Засаг огцруулна гээд яриад явдаг нь яг үнэндээ өнөөгийн нөхцөл байдал, Монгол Улсын эрх ашигт нийцэж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх улс орнууд бизнесийн байгууллагууд засгийн тогтвортой байдлыг илүү чухалчилж харж байгаа. Монгол Улсаа бодохгүй улс төрийн акц хийсэн зүйл хэрэггүй баймаар санагдах юм. Батлан хамгаалах яамны бодлого, үйл ажиллагааны буруутайгаас, анги салбартай холбоотой төрийн тусгай албан хаагчдын буруутай үйл ажиллагаанаас энэ асуудал үүссэн гэдэг нь тогтоогдвол хэн ч байсан хариуцлага хүлээх ёстой гэж хэлж байгаа.
Өнөөдөр олон асуудал үүсч байна. Тэр бүр Засгийн газрыг тогтворгүй байлгаад байх нь хэний эрх ашигт нийцээд байгаа юм бэ. Хүний амь эрсдэнэ гэдэг маш харамсалтай. Гэхдээ хүний амиар улстөржөөд байна. Цаашдаа бид энэ асуудлыш дахиж гаргахгүйн тулд илүү анхаарч эрсдэлийг хаахад анхаарч ажиллах ёстойгоос биш улстөржүүлж болохгүй" гэв.