
Сүүлийн нэг сарын хугацаанд Сибирьт баавгайн дайралтад таван хүн өртөж амь насаа алдсан байна. Наймдугаар сарын сүүлчээр Бүгд Найрамдах Алтай Улсын Артыбаш тосгон дахь жуулчны баазын нутаг дэвсгэрт баавгай дайрч Новосибирск хотын 29 настай эмэгтэйг ой руу чирэн авч явсны улмаас амь насаа алдсан байна.
Үүний дараа есдүгээр сард Красноярскийн хязгаарт баавгайн дайралтын улмаас гурван хүн амиа алджээ. Харин есдүгээр сарын 14-нд Эрхүү мужийн Киренск дүүрэгт нэгэн эрэгтэй баавгайд дайруулж амиа алдсан тухай мэдээлсэн байна.
Баавгайн дайралт нэмэгдэхийн зэрэгцээ зэрлэг амьтад суурьшлын бүсэд нэвтрэх тохиолдол ч олширчээ. Энэ онд ОХУ-ын 41 бүс нутгийн суурьшлын бүсэд баавгай олноор орж ирсэн бөгөөд нөхцөл байдал ялангуяа Зүүн Сибирьт хүнд байгаа аж.
Баавгай сургууль, цэргийн ангиудын ойролцоо үзэгдэхээс гадна хойд бүсийн зарим айлын гэрт хүртэл нэвтрэх тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн Красноярск хотын “Гремячья грива” эко цэцэрлэгт хүрээлэн, “Красноярскийн багана” үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орчим болон “Удачный” зуслангийн хотхонд баавгай үзэгдсэнтэй холбоотойгоор тус хотод өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм тогтоожээ. Үүнээс гадна есдүгээр сарын 13-нд Эрхүү мужийн Нижнеудинск дүүргийн Ук-Бадарановка тосгоны фермийн ажилтан гахайн хашаанаас баавгайг хөөх гэж оролдох үеэрээ хөл, мөрөндөө шархадсан байна.