
Ираны үндэсний хөлбөмбөгийн баг 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Мексикт хүрэлцэн ирлээ. АНУ-д нэвтрэх виз болон цэнгэлдэх хүрээлэнгүүдэд нэвтрэх эрхтэй холбоотой маргаан үргэлжилж буй ч Ираны баг Мексикт газардсан байна.
Ираны хэсгийн шатны гурван тоглолт АНУ-д болох боловч тоглогчид болон дэмжлэгийн багийнхныг зөвхөн тоглолтын өдөр АНУ-д нисэж ирээд, тоглолтын дараа буцан гарах ёстой гэж мэдэгджээ.
Мөн Ираны талын мэдээлснээр 15 албан тушаалтан болон туслах ажилтанд виз олгоогүй бөгөөд нэгэн албан тушаалтан үүнийг “Спортод улс төр хөндлөнгөөс оролцож буй хамгийн муу хэлбэр” хэмээн тодорхойлсон байна.
АНУ, Канад, Мексик хамтран зохион байгуулж буй дэлхийн аварга зургадугаар сарын 11-нд эхлэнэ. Ираны баг 2025 оны гуравдугаар сард урьдчилсан шатны хэсгээ тэргүүлэн эрхээ авсан юм. Энэ нь АНУ болон Израил Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлэхээс бараг нэг жилийн өмнө болсон явдал юм.
Энэ нь дэлхийн аваргын түүхэнд зохион байгуулагч орны нэг нь дайсагнаж буй улсынхаа шигшээ багийг хүлээн авч буй анхны тохиолдол болж байна.
Ираны баг ням гарагийн өглөө эрт Мексикийн Тихуана хотод газарджээ.
Тэд өмнө нь АНУ-ын Таксон хотод байрлах бэлтгэлийн баазаа тавдугаар сарын сүүлээр өөрчилсний дараа Тихуана хотод байрлах болсон байна.
АНУ-ын албаныхан баасан гарагт бүх тоглогч болон “шаардлагатай дэмжлэгийн ажилтнууд”-д виз олгосон гэж мэдэгджээ. АНУ Ираны шигшээ багийн зургадугаар сарын 15-нд Шинэ Зеландын багтай хийх эхний тоглолтоос 10 хоногийн өмнө буюу хугацаа тулгаж виз олгосон нь энэ.
Гэвч Ираны төртэй холбоотой хэвлэлүүдийн мэдээлснээр хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч, түүний орлогч болон хэвлэл мэдээллийн захирал зэрэг 15 албан тушаалтан АНУ-д нэвтрэх эрх аваагүй аж.
АНУ-ын албаныхан “Иран энэ системийг ашиглан террористуудыг худал шалтгаанаар АНУ-д нэвтрүүлэхийг зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн байна.
Энэ нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн өмнө нь хэлсэн байр суурийг давтсан хэрэг байв. Тэрээр Ираны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Исламын Хувьсгалт гвардитай холбоотой хүмүүс хөлбөмбөгийн багт багтах ёсгүй гэж мэдэгдсэн.
Ираны шигшээ багийн хэд хэдэн тоглогч тус байгууллагад заавал хаах цэргийн албаа өмнө нь хааж байсан байна.
Турк дэх Ираны элчин сайдын яам АНУ-ыг “спортод улс төрийн байр сууринаас хандсан хөндлөнгийн оролцоо” хийж байна хэмээн буруутгаж, олон тооны удирдлага, техникийн зөвлөхүүдэд виз олгоогүй гэж мэдэгджээ.
Мөн тус элчин сайдын яам FIFA-г уг асуудалд оролцохыг уриалсан байна.
Иран хэсгийн шатанд мөн Калифорнид Бельги, Сиэтл хотод Египетийн багтай тоглох хуваарьтай байгаа юм.