
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан хээрийн түймрийг цурманд оруулсан ч бүрэн унтраагүй байна. Дархан цаазат газрын 80 хувийг галдсан хээрийн түймрийн шалтгаан нь Халхголын хилийн заставыг 4G сүлжээнд холбож, Сүмбэр хилийн боомтод шилэн кабель нэвтрүүлсэн ажлаа хүлээлгэн өгөхөөр явж байсан Мобиком компанийнхан тээврийн хэрэгслээс гал алдсан гэдэг нь тодорхой болоод буй.
Тэгвэл Нөмрөгийн дархан цаазат газарт гал алдсан хүмүүс тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх зөвшөөрөл авч, урьдчилан мэдэгдээгүй гэдгийг БОУАӨЯ-наас мэдээллээ. Тус яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ч.Уранчимэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Нөмрөгийн дархан цаазат газар, цаашлаад улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвхөн судалгаа шинжилгээний зориулалтаар нэвтрэх зөвшөөрөл олгодог бөгөөд урьдчилан хүсэлтээ өгч, зөвшөөрөл аван хураамжаа төлсний дараа холбогдох байгууллагын хяналт дор нэвтрэх журамтай. Гэтэл 10 дугаар сарын 8-нд манай байгаль хамгаалагч хяналт шалгалт хийж явахад түймрийн утаа гарч улмаар тухайн цэгт очиход машинтай хүмүүстэй таарсан. Тухайн хүмүүсийн хувьд улсын тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх зөвшөөрөл аваагүй. Зарим нь хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөл авсан гэсэн тайлбар хэлж байгаа.
Нөмрөгийн түймэр одоо ч унтраагүй байна. Галыг гүйцэт унтраасны дараа байгаль орчинд учирсан нөлөөллийг тооцож, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар хохирлыг нөхөн төлүүлнэ. Одоогоор БОУАӨЯ-ны 7 мэргэжилтэн хилийн цэргийнхэнтэй хамт газар дээр нь ажиллаж байна" гэв.
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэрт одоогийн байдлаар 7200 км2 хэмжээтэй талбай өртсөн байна.