
Өмнөд Солонгосын өмнөд бүс нутгуудад Үндэсний эрх чөлөөний өдрөөр тохиодог гурван өдрийн амралтын үеэр аадар бороо үргэлжлэн орж, хөрсний нуралт, үер усны гамшиг болж, өргөн хүрээний хохирол учруулжээ.
Өмнөд Кёнсан мужийн Кожэ арал хамгийн их хохирол амссан бүсүүдийн нэг болсон байна. Тус аралд бямба гарагаас даваа гарагийн 16:30 цаг хүртэл 909.8 миллиметр хур тунадас оржээ. Тус бүс нутаг үүнээс өмнө удаан хугацаанд үргэлжилсэн хүчтэй ган гачигтай тэмцэж байсан юм.
Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамнаас мэдээлснээр, аадар борооны улмаас нэг хүн амиа алдаж, дөрвөн хүн гэмтэж бэртжээ.
Өглөөний 04:42 цагийн орчимд хөрсний нуралт Кожэ хотын нэгэн орон сууцны барилгын нэгдүгээр давхрыг дарж, нэг оршин суугч амиа алдсан байна. Өөр хоёр хүнийг аврагчид гарган авч, эмнэлэгт хүргэжээ.
Мөн даваа гарагийн үдээс хойш Кожэ хотын Хвэжин тосгон зэрэг үерт автсан зарим хэсэгт 20 гаруй оршин суугч усанд боогдсон тул аврах ажиллагаа үргэлжилж байна. Харин хөрсний нуралт үүсэх эрсдэлтэй гэж үзэн Есоль тосгоны 100 орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлэв.

Үндэсний Гал түймэртэй тэмцэх газрын мэдээлснээр, Кожэ хотын 154 оршин суугчийг аварсан буюу нүүлгэн шилжүүлсэн байна.
Өргөн хүрээний үерийн улмаас аврах ажиллагаа ч хүндрэлтэй болсон байна. Гол мөрөн эргээсээ хальж, замууд усанд автсанаар арлын олон замыг хааж, аврах багийнхан гамшигт өртсөн бүсүүдэд хүрэхэд хүндрэл учирчээ.
Бусан хот болон Өмнөд Кёнсан мужийн хэмжээнд аадар бороотой холбоотой 603 хохирлын мэдээлэл эрх баригчдад иржээ. Үүнд орон сууц, байшин усанд автах, зам хаагдах болон эвдрэх зэрэг тохиолдлууд багтсан байна.
Бороо үргэлжлэн орж байгаа тул хохирлын хэмжээ цаашид нэмэгдэх төлөвтэй байна.
Аадар борооны улмаас учирсан хохирол нэмэгдэж Төвийн гамшиг, аюулгүй байдлын арга хэмжээний төв штаб Онцгой байдлын 1-р түвшний хариу арга хэмжээг идэвхжүүлж, гамшгийн дараах нөхөн сэргээх болон хохирлыг бууруулах ажиллагааг эрчимжүүлжээ.
Дотоод хэрэг, аюулгүй байдлын сайд Юн Хо-жүн “Бороо намдаж, сэргээн босголтын ажил дуусах хүртэл хүний амь насыг хамгаалахын тулд бүх хүчин чармайлтаа гаргана” хэмээн мэдэгджээ.
Тэрээр иргэдийг аюулгүй байдлын сэрэмжлүүлгийг анхааралтай дагаж, эрсдэл өндөртэй бүс нутгаас хол байх, мөн эрх баригчдын өгсөн аюулгүй ажиллагааны зааварчилгааг чанд мөрдөхийг уриалсан байна.