
Дэлхийн хамгийн их утаатай нийслэлээр бараг жил болгон цоллуулдаг Монгол Улс агаарын бохирдлын эсрэг дорвитой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрээд буй.
Түүхий нүүрснээс сайжруулсан шахмал түлш рүү шилжиж, зуух, яндан, гээд л олон зүйлийг туршсаны эцэст БНХАУ-аас импортолсон хагас коксон шахмал түлшийг өнгөрсөн сараас нийслэлийн хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн билээ. Албаныхны мэдээлснээр энэхүү түлш нь агаарын бохирдлыг 28 хувь, улмаар Улаанбаатар хотын нийт агаар орчны бохирдлыг 40-45 хувь хүртэл бууруулах боломжтой гэдгийг мэдэгдсэн. Тэгвэл сарын хугацаанд агаарын бохирдол хэрхэн өөрчлөгдөв.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин
Хагас коксон түлшийг хэрэглэснээр агаарын бохирдлыг 40-45 хувиар бууруулах боломжтой гэх судалгааг хийсэн. Улмаар бид цаашид НҮБ-тай хамтран агаарын бохирдол доторх хүнд элементүүдийг судалж, бууруулах чиглэлд ажиллана. Бүр цаашлаад айл өрхүүдийг хийн газад шилжүүлнэ.
Утааны асуудлаар өнгөрсөн долоо хоногт НИТХ-ын хурлын үеэр нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар хотын дарга Х.Нямбаатар танилцуулсан юм.
Тэрээр "2024 оны арваннэгдүгээр сарын 23-ны агаарын чанарыг дундаж утгыг өнөөдрийнхтэй харьцуулахад хүхэрлэг хий 43 хувь, РМ 2.5 нарийн ширхэгт тоосонцор 8 хувь, РМ 10 том ширхэгт тоосонцор 19 хувиар буурсан байна” гэдгийг мэдээлсэн.
Хотын дарга Х.Нямбаатар
Зуух, түлшний шинэчлэл угаартах эрсдэлээс урьдчилан сэргийлж чадаж байна. Агаарын бохирдлын бүрэн шийдвэрлэе гэвэл гэр хорооллын бүх айлыг газарт оруулж, орон сууцанд оруулах юм. Улаанбаатар хотын баруун талыг нийслэл, зүүн талыг эрчим хүчний эх үүсвэрийг хангах асуудлыг Эрчим хүчний сайд хариуцна гэж тохирсон. Ингэснээр гэр хорооллын айлууд орон сууцанд орох нөхцөлүүд хангагдах юм.
5, 6 жилийн өмнө бидний хувцаснаас битүү нүүрс үнэртдэг байсан. Одоо хойд уулын орой харагдаж байвал эхний үр дүн гарч байгаа гэсэн үг.
Агаарын чанарын хувьд харин азотын давхар исэл өссөн аж. Энэ нь автомашины яндангаас гарч байгаа хүнд элементтэй холбоотой гэдгийг албаныхан мэдээлж буй. Учир нь сүүлийн хоёр сард шатахууны тасалдал болж буйтай холбогдуулан дээж авч шалгалт хийх шаардлага үүссэн байна. Мөн түүнчлэн ТЭЦ-3-ын орчимд агаарын чанарын урдынхаасаа илүү муудсан гэж шинжээчид дүгнэж байгаа аж. Гэтэл дарга нарын мэдээлж байгаа шиг бодит байдал дээр агаарын чанар үр дүнтэй сайжирсан гэж хэлэх нь өрөөсгөл.
Статистик бол сануулга
Агаарын чанарын индексийн мэдээгээр 2025 оны арваннэгдүгээр сарын 27-нд Улаанбаатар хотын агаарын чанар Мишээл экспо орчим хэвийн, Нисэх, 13-р хороолол, Зайсан, Ургах наран хороолол, Цахилгаан станц, Яармаг, Шархад, Баруун 4-н зам, 100-н айл, Зурагт, Хайлааст, 1-р хороолол, 5-н буудал орчим бага бохирдолтой байна. Харин Налайх, Дамбадаржаа орчим бохирдолтой, Баянхошуу орчим их бохирдолтой түвшинд байжээ. Үүн дотор агаарын чанар доторх бохирдуулагч бодисуудын үзүүлэлт дараах байдлаар илэрсэн байна.
Хүхэрлэг хий (SO₂)
SO₂-ын агууламж дараах байршлуудад стандартаас давсан байна.
· 100-н айл: +13 мкг/м³
· Ургах наран: +28 мкг/м³
· Шархад: +68 мкг/м³
· Налайх: +161 мкг/м³ (хамгийн өндөр)
Бусад хэмжилтийн цэгүүдэд MNS 4585:2025 стандартаас хэтрээгүй аж.
Азотын давхар исэл (NO₂)
NO₂ нь дараах байршлуудад стандартын хэмжээнээс давсан үзүүлэлттэй гарчээ.
· Цахилгаан станц: +71 мкг/м³
· 100-н айл: +42 мкг/м³
· Баруун 4-н зам: +37 мкг/м³
· Ургах наран: +36 мкг/м³
· Яармаг: +29 мкг/м³
· Налайх: +25 мкг/м³
· Бөхийн өргөө: +21 мкг/м³
· Зурагт: +19 мкг/м³
· Зайсан: +7 мкг/м³
· Шархад: +2 мкг/м³
Үлдсэн цэгүүдэд NO₂-ын хэмжээ стандартын хэмжээнд байсан байна. Үүнээс гадна РМ10 тоосонцор, РМ2.5 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл (СО) зэрэг үзүүлэлт нь дээрх байршлуудад тодорхой хэмжээнд хэлбэлзэлтэй байгааг Агаарын чанарын индексээс харах боломжтой.
Тэгвэл SO₂, NO₂, PM10, PM2.5 болон СО-ын агууламж стандартын түвшинг давсан үед эрүүл мэндийн хүндрэл гарах эрсдэл мэдэгдэхүйц нэмэгддэг нь олон улсын судалгаагаар тогтоогдсон. Тухайлбал, богино хугацааны өндөр өртөлт нь амьсгалын замын цочрол, астмын хурц сэдрэл, зүрх судсанд сөрөг нөлөөтэй байдаг. Харин урт хугацаанд, ялангуяа PM2.5 болон NO₂–ын архаг өртөлт нь зүрх судасны өвчин, архаг уушгины өвчин, уушгины үйл ажиллагаа буурах, нас баралтын түвшин өсөхтэй хүчтэй хамааралтай болохыг олон улсын судалгаанууд баталсан. The Lancet (2019) болон New England Journal of Medicine (2021)-д хэвлэгдсэн судалгаануудын дүгнэлтээр PM2.5–ийн дундаж түвшин жилд 10 μg/m³-аар нэмэгдэх бүрд нийт нас баралтын эрсдэл 6–10 хувиар өсдөг гэдгийг судалжээ.