
Өмнөд Солонгосын томоохон номын худалдааны байгууллагуудад гадаадын компаниудаас солонгос хэл дээрх номыг олноор худалдан авах санал ирэх болжээ. Гэхдээ худалдан авагчид нэг номоос олон хувь бус, аль болох олон төрлийн номоос тус бүр нэг хувийг авахыг хүсэж байгаа нь эдгээр номыг зохиогчдын зөвшөөрөлгүйгээр хиймэл оюуны систем сургахад ашиглах гэж байж болзошгүй гэсэн болгоомжлол төрүүлж эхэлжээ.
Өмнөд Солонгосын хамгийн том номын худалдааны сүлжээ "Kyobo Book Centre" энэ сарын эхээр гадаадын нэг компаниас 100 мянган өөр нэр төрлийн ном худалдан авах захиалга хүлээн авсан ч татгалзжээ. Учир нь, худалдан авагч компани эцсийн хэрэглэгч нь хэн болох, номыг ямар зорилгоор ашиглах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Kyobo Book Centre"-д он гарснаас хойш ийм төрлийн санал 10 орчим компаниас ирсэн бөгөөд ихэнх нь АНУ-ын компаниуд байжээ.
Мөн наймдугаар сард АНУ-ын Аризона мужид байрладаг ном түгээлтийн компани Сөүл хотын "Seoul Book Bogo" номын төвд хандаж, нэг чингэлэгт 50–80 мянган хуучин ном багтаан тогтмол нийлүүлэх санал тавьсан байна. Тус төв нь 2019 онд хуучин номын худалдаа эрхэлдэг 25 байгууллагыг нэгтгэн, 120 мянга орчим номтойгоор байгуулагдсан ч 2024 онд хуучин ном худалдаалахаа зогсоожээ.
Америкийн компани хэдэн зуугаас хэдэн мянган номоор бөөнөөр нь худалдаа хийдэг байгууллагуудтай холбож өгөхийг хүссэн бөгөөд наймдугаар сард Өмнөд Солонгост ирж, "Yes24" цахим номын худалдааны компанийн төлөөлөгчидтэй уулзсан ч тохиролцоонд хүрээгүй байна.
Аравдугаар сард ч ном хайсаар байсан уг компани шинжлэх ухаан, түүх, бизнес, эдийн засаг, урлаг, дизайн болон академик, мэргэжлийн чиглэлийн насанд хүрэгчдэд зориулсан номыг түлхүү сонирхжээ. Харин комикс, хүүхдийн ном, шашны ном, сурах бичиг, сэтгүүл, англи хэл дээрх номыг авахгүй гэсэн байна. Номын бүрэн бүтэн байдлаас илүү уншиж болохуйц байх, нэр төрөл давхцахгүй байхыг чухалчилжээ.
Худалдан авагчид АНУ-д солонгос хэл дээрх номын эрэлт нэмэгдэж байгаагаас өөр тайлбар өгөөгүй, мөн номын эцсийн хэрэглэгчийг нууцалсан байна. Эдгээр сэжиг нь хиймэл оюуны "Anthropic" компанитай холбоотой өмнөх үйл явдлаас үүдэлтэй юм. Тус компанийг 2024 оны наймдугаар сард зохиогчийн эрхээр хамгаалагдсан олон сая номыг хууль бус цахим эх сурвалжаас татаж авч, "Claude" хиймэл оюуны системээ сургахад ашигласан хэмээн зохиолчид шүүхэд өгчээ. Энэ хэрэг 2026 онд 1.5 тэрбум ам.долларын тохиролцоогоор шийдвэрлэгдсэн бөгөөд хууль бусаар татаж авсан зохиогчийн эрхтэй 50 мянга орчим бүтээлийг хамарсан байна. Тэдгээрийн дотор Нобелийн шагналт зохиолч Хан Ган, 2024 оны Олон улсын Бүүкерийн шагналын богино жагсаалтад багтсан Хван Сог Ён, Please Look After Mom романы зохиолч Шин Кён Сүк зэрэг Өмнөд Солонгосын 15 зохиолчийн 22-оос доошгүй ном байжээ.
Шүүхийн баримтаар "Anthropic" компани хиймэл оюунаа сургахын тулд хэвлэмэл номыг бөөнөөр худалдан авч, сканнердаж, дараа нь эх хувийг нь устгаж байсан нь ил болсон.
"Anthropic" 2024 онд Өмнөд Солонгосын Woongjin Booxen ном түгээлтийн компанитай шууд гэрээ байгуулжээ. "JoongAng Ilbo" сонины мэдээлснээр тус компани 2025 оны гуравдугаар сараас 2026 оны зургаадугаар сарын хооронд Өмнөд Солонгосоос 165.69 тонн буюу ойролцоогоор 414 мянган ширхэг солонгос хэл дээрх ном худалдан авсан байна. Үүнтэй холбогдуулан Солонгосын хэвлэн нийтлэгчдийн холбоо номын худалдаа, түгээлтийн байгууллагуудаас ижил төрлийн захиалга хүлээн авсан эсэх талаар судалгаа эхлүүлжээ. Судалгааны дараа салбарын байгууллагууд хамтарсан зөвлөл байгуулж, хиймэл оюуны сургалтад зохиогчийн эрхтэй бүтээл ашигласны төлбөр, нөхөн олговрын тогтолцоог бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомж боловсруулах шаардлагатай гэж үзжээ. Гэхдээ одоогийн их хэмжээний номын захиалгууд хиймэл оюун сургах зорилготой байсан нь хараахан нотлогдоогүй, эцсийн худалдан авагч, ашиглах зориулалт нь тодорхойгүй хэвээр байгаа аж.