
Мэдлэг - зүгээр мэдэхийн тулд биш, зүсэхийн тулд байдаг
Michel Foucaul
2000 он - “Эвслийн Засгийн газрын үед С.Зоригийн хэрэг илрэхгүй” гэж хэлээд л сонгуулийн дүнг өөрчлөн МАХН-ыг УИХ-д ялуулж, өөрөө “Хэргийг илрүүлнэ” хэмээн амлаж Их хурлын гишүүн болж байсан тухайн үеийн ЦЕГ-ын дарга Д.Мөрөнд хэргийг илрүүлэх хангалттай мэдээлэл, нотлох баримт байсан гэдэгт Монголын ард түмэн бүрэн итгэсэн учир саналаа харамгүй өгсөн. Харамсалтай нь Д.Мөрөн албан тушаалын шатаар өгссөөр байсан ч С.Зоригийн хэрэг өнөөдөр ч “cold case” хэвээр байгаа.
2017 он - АТГ-ын дэд даргаас ТЕГ-ын дарга болтлоо дэвшсэн Б.Хурц УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцохдоо УИХ-ын гишүүдийн өөдөөс үг сөргөж байсан нь, “Би цааш нь ярих уу, яах уу?” гээд мушийсан нь танхимд суусан хүмүүсийн олонхын амыг хамхихад хангалттай байсныг Монголын иргэд бүгд үзэж, сонссон, шуугьсан. Монголын төр баршгүй бартай болсныг өнөөдөр Б.Хурц юу хийж байгаагаас тодхон харна. АТГ, ТЕГ-д хашсан хариуцлагатай алба нь түүнд зэвсэг болгохуйц мэдээллийг хангалттай өгсөн бололтой.
2025 он – Сангийн сайд асан С.Баярцогт “Би энд маш олон зүйлийг ярьж чадахгүй байгаа. Яагаад гэвэл Үндэсний аюулгүй байдалтай холбоотой маш олон зүйл байгаа. Оюутолгойн хяналтын сонсголыг хаалттай явуулбал ямар дарамт шахалт ирээд байгааг би бүгдийг нь дэлгэнэ” хэмээн хэлж байсан нь гурван сар хүрэхгүйн өмнөх явдал. Эхний өдрөө л гэхэд 116 гэрч дуудаж эхэлсэн сонсголын явцад ард иргэдийн мэдэхгүй ямар холион бантан хутгагдаж явдгийг харуулсан. Бид бүгдийг мэдэх шаардлагагүй ч улсын эрх ашиг, иргэдтэй хамаатай асуудлыг нээлттэй байлгах хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой.
Мэдээллийг нуун дарагдуулах гэдэг нь хууль ёсны дагуу ил тод байх ёстой баримт, мэдээллийг санаатайгаар бусдаас нуух, засах, устгах буюу гаргаж өгөхгүй байх үйлдлийг хэлдэг. Монгол Улсын “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хуулийн дагуу энэ нь хууль бус үйлдэлд тооцогддог. Тэгвэл,
- Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд тусгагдсан
мэдээлэл
- Хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл
- Хяналт, шалгалт явуулах
үүрэг бүхий байгууллагад шалгагдаж байгаа асуудалтай холбоотой мэдээллээс бусад
мэдээлэл нууц биш.
Мэдээллийг нуун дарагдуулах буюу information suppression болон тохиромжтой мөчид “задлах” нь улс төрийн практикт эрх мэдлийн хэрэгсэл болж ирсэн. Үүнийг улс төр судлалд мэдээллийн асимметр, асуудлыг хянах арга (agenda control), цаг хугацааны стратеги гэж тайлбарладаг.
Үнэхээр ч ашигтай мэдээлэл бол стратегийн капитал болдог. Мэдээлэлд ойр, ялангуяа төрийн, ашигтай мэдээлэлд ойр буй хүн стратегийн капиталтай болох магадлал бүр илүү. Өөрт хэрэгтэй хэсгийг тодруулж, үлдснийг нь бүдгэрүүлэхэд л хангалттай. Дэлхий дахин яг одоо нэг хэргийг тойрон шуугиж, нэр устай, хөрөнгө чинээтэй, нөлөө бүхий олон хүн түүнд холбогдсон нь Эпштейний гэх хэрэг. АНУ-ын удирдагч Трамп өөрт хамааралтай мэдээллээ дарагдуулж, бусдад хамаатайг илчилсэн шүүмжлэлийн хариуд “Энэ хэргийг орхиод илүү чухал зүйлсийнхээ төлөө урагшлах хэрэгтэй” гэв. Энэ хэрэгт холбоотой баримт, материалууд дундаас эвгүй нэг л зураг, өгүүлбэр түүний сүр хүчийг салхинд хийсгэх шидтэй учраас тэр.
“Ипотекийн буюу зорилтот бүлэгт хүрэх нэн хөнгөлөлттэй зээлээр таваас дээш орон сууц авсан 12 мянга гаруй давуу эрх эдэлсэн “иргэд” байгаа гэсэн мэдээлэл бий” гэсэн мэдэгдлийг хийсэн Л.Энх-Амгалан гишүүний мэдэгдэл хуурай өвсөнд асаасан гал шиг тархаж, иргэдийн бухимдлыг төрүүлсэн. Тамирын мөсийг долоох шахам цуглуулсан мөнгөөрөө арай хийн 30 хувийн урьдчилгаа бүрдүүлж, зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаанд хүлээн байж ороод насаараа шахам төлдөг зээлийг нь нэг хүн таван удаа авсан байх нь шударга ёс, эрх тэгш байдлыг уландаа гишгэсэн асуудал мөнөөсөө мөн. Монголын Банкны холбоо зэрэг холбогдох байгууллагаас түүний хийсэн мэдэгдлийг няцаан, нэг хүн ипотекийн зээлийг таван удаа авах боломжгүйг тайлбарласан. Гэхдээ энд сөхөгдөх ёстой асуудал нь мэдээлэлд ойр байх, нуун дарагдуулахтай эргээд холбогдоно. Гарсан мэдэгдлээ газар авмагц хийсэн дараагийн тайлбартаа Л.Энх-Амгалан гишүүн “Би ГБХНХ-ын сайдаар ажиллахдаа Орон сууцжуулалтын үндэсний хорооны даргаар ажиллаж байсан. Хамгийн гол зорилго юу байсан юм бэ гэхээр 2013 оноос хойш эхэлсэн ипотекийн зээлийн тогтолцоо өнөөдөр зөв байсан уу, ер нь хэдэн төгрөг зарцуулчихав, хэдэн иргэд энэ зээлд хамрагдаж орон сууцтай болсон бэ, хэрэгцээтэй зээл байж чадсан уу, зорилго биелэгдсэн үү гэдэгт судалгаануудыг хийсэн. Ингэхэд, 2013 оноос хойш эхэлсэн ипотекийн 6-8 хувийн хүүтэй зээлд 10 их наяд төгрөг гаргасан байна. Тэр мөнгөөр 140 мянган өрх орон сууцтай болсон. Урьдчилсан судалгаагаар яг анх удаагаа орон сууц авсан нь 30 мянга л байсан. Үлдсэн 110 мянган иргэн өмнө нь орон сууцтай байсан гэсэн үг. Энэ тоог бид нягтлах ёстой. Оны өмнө 12 мянган иргэн 3-5 орон сууцтай тухай Сангийн яамнаас мэдээлсэн. Энэ хүмүүс үнэхээр өөрийн орлогоор авсан уу эсвэл ипотекийн зээлээр авсан эсэхийг тодотгох ёстой. Намайг орон сууцжуулалтын үндэсний хорооны даргаар ажиллаж байх хугацаанд тав битгий хэл найман орон сууц ипотекээр авсан иргэн байсан. Энэ тоог шалгах хэрэгтэй. Харин МИК-аас авсан мэдээллээр 3.2 мянган иргэн хоёр ба түүнээс дээш орон сууцыг ипотекийн зээлээр авсан гэх мэдээллийг өгсөн” гэв.
Түүний ГБХНХ-ын сайдаар ажиллаж байсан хугацаа 2024 оноос 2025 оныг хүртэл 11 сар алба хашсан. Одоо хөндөж буй асуудлаа сайд нь байхдаа гаргаж тавиагүй нь сонирхолтой. Хэзээ дэлгэж сенсааци тарьж, өөртөө ямар давуу тал үүсгэхийн төлөө энэ мэдээллийг хэдэн сар хадгалж, дарав?
2026 оны 1 дүгээр сар - “ДЦС-4”-ийн зууханд гэмтэл гарч идэр есийн хүйтэнд иргэд гэртээ, ажил дээрээ, хүүхдүүд цэцэрлэг, сургуульдаа, өвчтөнүүд эмнэлэгт цахилгаан, дулаангүй дайны хөлд нэрвэгдсэн улстай ижил байдалд орсон. Асуудал гармагц буруутныг хайх хөдөлгөөн өрнөдөг жамаараа явагдах зуурт хэд хэдэн асуудал дэлгэгдсэн нь өнөөг хүртэл нэмж цахилгаан станц бариагүй шалтгаан хийгээд асуудлын цаадах эзэд хэн болох тухайд улстөрчдийн нэг нэгнээ чичилж, өнгөрсөнд болсон бидний мэдээгүй нууцууд байлаа.

“2 жил 8 сарын дотор Шивээ-Овоод 750 МВт-ын цахилгаан түгээх станц барья” гэж байсан Английн талынхан тухайн үеийн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнтэй уулзаад л “БАЯРТАЙ” гэсэн. Өмнөх сайдтай нь болж, бүтнэ гээд санамж бичигт гарын үсэг зурчихсан байсан”-ыг Ерөнхий сайд асан С.Баяр баримттайгаар илчилсэн. Баримт нь гол нь 2019 оных.
Уг илчлэлтийн хариуд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Баяр аа, чи их өширхүү хүн юм. Оюутолгойн луйврыг олонд ил болгож, бидний хэсэг нөхөд уйгагүй тэмцэж 34 хувийн 35 тэрбум ам.долларын өрийг цайруулсны төлөө дандаа өөдөөс чулуу шиднэ. Эх орныхоо эрх ашгаас урваснаа чи юугаар ч цайруулж чадахгүй. Үрийн үрд, үеийн үед муугаар дурсагдана аа. Би өөр шиг чинь харийнхны гар хөл болж явсангүй” гэсэн байлаа.
Яг л хөзөр тоглож буй аятай эсрэг талынхаа гаргасан баримт мэдээллийн эсрэг өөрт байгаа дарсан ямар мэдээллээрээ дарж сүрийг үзүүлж,төмсөгдөх нь улстөрчдийн нэг төрлийн ажил уу, эсвэл таашаал авдаг наадгай юу?
2025 он - Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нүүрсний хулгайн асуудлаар мэдээлэл хийж УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан болон Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, түүний ах “Херо энтертайнмент групп” ХХК-ийн захирал Б.Баатар нартай холбоотой гурван баримтыг дэлгэж, мэдээллийнхээ дараа өөрт байгаа баримтуудыг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна гэв. Өөрөөр хэлбэл, энэ асуудал нь анхнаасаа улсын нууцад хамаарахгүй байсан байхад хууль зөрчиж нууцад авсан байсан гэдгийг онцолсон. Мэдээлэл гэдэг ийм үнэ цэнтэй. Эрх мэдэлд очсон цагт эсрэг талаа намнах хэрэгсэл болдог мэдээлэл эргээд өөрт гай тарих цаг үе ч гэж бас бий.
Улсын нууц гэж юу болох, мэдэх эрх хийгээд мэдээллийг нуун дарагдуулах хүсэл хэзээ, хэрхэн илэрч, хаана хүрээд зогсох ёстой хил хязгаарыг харин хэн тогтоодог юм бол?