
Солонгосын Төв банк өнөөдөр нийтэлсэн тайландаа хиймэл оюун ухаан, ялангуяа үүсгэгч хиймэл оюун ухааны чатботууд гарч ирснээс хойш хиймэл оюун буюу AI технологийн нөлөөнд өндөр өртөмтгий салбаруудад залуусын ажил эрхлэлт эрс буурсан талаар дурджээ.
Солонгосын Төв банкны тайланд дурдсанаар, 2022 оны зургаадугаар сараас 2026 оны зургаадугаар сар хүртэлх дөрвөн жилийн хугацаанд 15-29 насны хүмүүсийн эзэлж байсан ажлын байрны тоо 285 мянгаар буурсан байна.
Энэ бууралтын 268 мянга буюу 94 хувь нь мэдээллийн технологийн үйлчилгээ, хэвлэн нийтлэх, компьютерын програмчлал, мэргэжлийн үйлчилгээ зэрэг AI-ийн нөлөөнд өндөр өртөмтгий салбаруудад ногджээ.
Үүний эсрэгээр, мөн хугацаанд 50 гаруй насны хүмүүсийн эзэлж буй ажлын байрны тоо 230 мянгаар нэмэгдсний 173 мянга нь AI-д өндөр өртөмтгий салбаруудад шинээр бий болсон ажлын байр байжээ.
Тайланд 2022 оныг судалгааны эхлэх цэг болгон авсан аж. Учир нь ChatGPT тухайн оны сүүлээр анх олон нийтэд нэвтэрсэн юм.
Салбар тус бүрээр авч үзвэл, дээрх хугацаанд залуусын ажил эрхлэлт:
Боловсролын түвшнээр нь авч үзсэн ажилгүйдлийн түвшин ч залуус AI технологийн нөлөөнд илүү эмзэг байгааг харуулж байна гэж тайланд дүгнэжээ.
2019-2022 оны хооронд бакалавр болон түүнээс дээш боловсролтой залуусын ажилгүйдлийн дундаж түвшин 8.2 хувь байсан бол бүрэн дунд болон богино хугацааны коллежийн боловсролтой залуусынх 8 хувь байжээ.
Харин 2022 оноос хойш энэ үзүүлэлтүүд 7 хувь болон 5.4 хувь болж буурсан ч хоёр бүлгийн хоорондын зөрүү 1.6 нэгж хувьд хүрч өргөжсөн байна.
Солонгосын Төв банк тус улсын хүн амын тасралтгүй бууралт нь энэ хугацаанд залуусын ажил эрхлэлтийн өөрчлөлтөд томоохон нөлөө үзүүлсэн байж болохыг мөн онцолжээ. Харин AI технологийн хөгжил энэ чиг хандлагыг улам хурдасгасан байж болзошгүй гэж үзсэн байна.
Солонгосын Төв банкны судалгааны газрын судлаач О Сам Иль хэлэхдээ “AI нь залуусын бүтээмжийг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтой. Гэхдээ энэ нь мөн залуусыг AI-гаар орлуулах боломжтой гэсэн үг” гэлээ.
Тэрээр цааш нь, залуусын ажил эрхлэлт буурсан бүх шалтгааныг зөвхөн хиймэл оюун ухаантай холбож болохгүй гээд “Гэхдээ залуусын ажил эрхлэлт буурсны цаана бүхэлдээ AI байгаа гэж хэлж болохгүй. Харин AI нь залуусын карьерын шат ахих боломж улам хумигдах чиг хандлагыг хурдасгаж байна” хэмээн мэдэгдсэн байна.