
Берлин хотын улсын музейн харьяа, эртний болон түүхийн музейд Монголын түүх, археологийн олдворуудыг багтаасан "Genghis Khan and the World of the Mongols" тусгай үзэсгэлэнг гаргахаар болжээ.
Монгол, Европын судалгааны хамтын ажиллагааны хүрээнд бүрдүүлсэн үзмэрүүдээр дамжуулан Монголын эзэнт гүрний улс төр, эдийн засаг, соёлын түүхийг өгүүлэх юм. Ийнхүү Монголын зарим олдвор гадаад улсад анх удаа дэлгэгдэхээр төлөвлөгдсөн нь онцгой ач холбогдолтой. Түүнчлэн Монгол, Германы хамтарсан судалгааны үр дүнд бий болсон шинэ олдвор, нээлтүүдэд тулгуурлан, Евразийн улс төр, эдийн засаг, соёлын хөгжилд урт хугацааны нөлөө үзүүлсэн Монголын эзэнт гүрний түүхийг олон талаас нь, бодитойгоор харуулахыг зорьсон аж.
Үзэсгэлэн аравдугаар сарын 21-нээс ирэх оны дөрөвдүгээр сарын 18-ныг хүртэл "James Simon" галерейд үргэлжилнэ.