
“Айчи-Нагоя” Азий зуны спортын ХХ наадам өнөөдөр найм дахь өдрөө үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад айлчлах үеэрээ шигшээ багийн тамирчидтай уулзаж, дараагийн тэмцээнд өндөр амжилт гаргахыг хүслээ.
Ерөнхий сайд Н.Учрал “Дугуйчин С.Жамбалжамц хүрэл медаль хүртэж, Монголын багийн медалийн салхийг сайхан хагаллаа. Баяр хүргэе. Манай улсаас 298 тамирчин, спортын 31 төрөлд хурд хүч, авьяас чадвараа сорьж байна. Зөвхөн бөх, тулааны спортоор бус, дугуй, цахим спорт зэрэг шинэ төрөлд өрсөлдөж байна. Засгийн газраас 2027 оны төсөвт спортын салбарын ажилтнуудын цалинг хамгийн багадаа 2 сая төгрөг болгохоор тусгасан. Үндэсний шигшээ багийн тамирчдаа олимпод амжилт гаргахад шаардлагатай төсвийг 3 дахин нэмэхээр төлөвлөсөн. Тив, дэлхийн дэвжээнд эх орныхоо далбааг мандуулж, нэрийг цуурайтуулж буй баг тамирчдаараа Монголчууд бахархаж байна. Монгол түмнийхээ итгэл, уухайн түрлэгээр урам авч, улам их амжилт гаргаарай. Эх орон, элэг нэгт ах дүү нар бүгд та бүхнийхээ ард байгаа шүү” гэлээ.
Азийн наадамд оролцож буй Монгол Улсын шигшээ баг одоогоор нэг хүрэл медаль хүртсэн бөгөөд өнөөдрөөс боксын тамирчид медалийн төлөө өрсөлдөх юм.