
Балбын баруун хойд хэсгийн Гималайн нуруунд авиралт хийж яваад сураггүй болсон Японы хоёр уулчны цогцсыг долоо хоног гаруйн дараа эрэн хайх, аврах багийнхан олжээ. Уулчдын үлдээсэн цүнх, олс, хүрзийг дроноор илрүүлснээр эрлийн ажиллагаанд ахиц гарчээ.
Балбын Мананг бүсэд орших Гангапурна ууланд авиралт хийж байсан Хидэсүкэ Танэиши, Тэцү Хашимото нарын цогцсыг аврах багийнхан олсон байна. Урьдчилсан байдлаар тэд цасан нурангид өртөж, уулын энгэр дагуу 900 орчим метр доош унасан байж болзошгүй гэж үзжээ.
Уулчид аравдугаар сарын 10-нд авиралтаа эхлүүлэн аравдугаар сарын 15-нд сураггүй болсон тухай мэдээлэгдсэн байна. Үүний дараа туршлагатай гурван хүний бүрэлдэхүүнтэй аврах багийг илгээж, далайн түвшнээс дээш 7000 метрийн өндөрт уулчдын хамгийн сүүлд байрласан отгийг олжээ. Тэнд тэдний цүнх, олс, хүрз зэрэг эд зүйлс байжээ.
Аврах ажиллагаанд оролцсон Пасанг Ринзээ Шерпа Everest Chronicle хэвлэлд “Бид төлөвлөсний дагуу уулын өмнөд талаас эрлийн ажиллагаагаа эхлүүлж, 6210 метрийн өндөрт уулчдын цогцсыг олсон” гэж ярьжээ.
Тэрбээр Altitude Air компанийн ахлах нисгэгч Собит Гаучан, дроны нисгэгч Маниш Махаржан нарын хамт уулын энгэрээр хэдэн өдрийн турш эрэн хайсан байна.
Нисдэг тэрэгний нисгэгч Гаучан Шерпа болон Махаржан нарыг 5000 метрээс дээш өндөрт хүргэж буулгаснаар тэд дрон ашиглан уулын илүү өндөр хэсгүүдийг шалгах боломжтой болжээ. “Энэ үр ашигтай, аюулгүй, зардал багатай арга байсан. Нэг ёсондоо туршилтын шинжтэй ажиллагаа болсон” гэж Шерпа тайлбарлажээ.
Уулчид хүнд гэмтэл авсан байдалтай байжээ. Цогцсыг нисдэг тэргээр Балбын нийслэл Катманду хотын эмнэлэгт хүргэж, шүүх эмнэлгийн шинжилгээ хийсний дараа ар гэрийнхэнд нь шилжүүлэх аж.
Японы уулчдын орон нутгийн тээвэр, зохион байгуулалтын асуудлыг хариуцсан Cosmo Adventure компанийн төлөөлөгч Кумар Чхетригийн мэдээлснээр, цогцсыг 7140 метрийн өндөртэй Гангапурнагийн баруун оргилоос олжээ. Шерпа мөн уулчид осолд өртөх үедээ оргилд хүрэхэд ердөө 100 орчим метр дутуу байсан гэж мэдээлсэн байна.
Аврагчдын үзэж буйгаар, уулчид хавтан хэлбэрийн цасан нурангид өртсөн байх магадлалтай. Энэ төрлийн нуранги нь цасан бүрхүүлийн томоохон хэсэг доод давхаргаасаа салж, уулын энгэр дагуу гулсан буух үед үүсдэг цасан нурангийн хамгийн түгээмэл хэлбэрүүдийн нэг юм.
Өнгөрсөн есдүгээр сард Мананг бүсэд болсон дөрвөн хүний аминд хүрсэн цасан нурангид их хэмжээний цас орсон, Бенгалын булан орчмын цаг агаарын ер бусын өөрчлөлт нөлөөлсөн гэж үзэж байжээ.
Тухайн үед Химлунг Химал уулын үндсэн отогт ойролцоогоор 4.3 метр зузаан цасан давхарга нурж, уулчид болон орон нутгийн хоол бэлтгэх ажилтнуудаас бүрдсэн баг осолд өртсөн юм.