
Засгийн газар "Хангад Эксплорейшн", "Өсөх зоос", "Энержи ресурс", "Ачит ихт" компанитай санамж бичигт гарын үсэг зурсантай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлэл өглөө.
Тэрээр "2019 онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд байгалийн баялгийн дийлэнх нь буюу 50+1 хувийг өнөөдөр амьдарч байгаа иргэдэд болон ирээдүйд амьдрах иргэддээ тэгш хүртээмжтэй өгнө гэж оруулсан. Энэ заалтыг хэрэгжүүлэхийн тулд Үндэсний баялгийн санг 2024 онд байгуулсан. Олон удаа яриа хэлцэл хийсний үр дүнд байгалийн баялгийн өгөөжийн 60 хувь нь Монголын ард түмэнд ногдох эрх зүйн үндсийг бүрдүүлэх тал дээр тохиролцоо хийлээ. Баялгийн өгөөжид татвар, төлбөр, хураамж, ногдол ашиг багтаж байна. Ямар ч байсан Монголын ард түмэн 60 хувийн өгөөжийг хүртэх ёстой гэсэн хэлэлцээ хийлээ. Үүн дээр Засгийн газар, хувийн хэвшил хамтраад хэлэлцээгээ үргэлжлүүлнэ. Эцэслэн тохирсныхоо дараа УИХ-д "Ийм өгөөж хүртэх нь, үүнийг тусгай АМНАТ-өөр орлуулж болох нь" гэжтанилцуулна. УИХ дээр эцсийн шийдвэр гарна.
Хуримтлалын сангаа яаж аривжуулах вэ гэдэг дээр Ерөнхий сайд илүү анхаарч ажиллаж байна. 2030 оноос Хуримтлалын сангийн өгөөж хүртэх гэж байгаа бид хоёр жилийн хугацаанд 175 000 төгрөгтэй л байна. Энэ бол эрүүл мэнд, боловсрол, ипотекийнхээ зээлэнд зарцуулах мөнгө. Үүнийг хэрхэн ахиу болгох тал дээр эхний алхам хийгдэж байна. Дараа дараагийн алхмууд хийгдэнэ. 2030 он гэхэд иргэд дансандаа 10 сая төгрөгтэй байх зорилгын төлөө ажиллаж байна.
Цагаан сараас өмнө бэлэн мөнгө тараахгүй. Байгалийн баялгийн өгөөжийг ард түмэн 20 жил хүртэж чадаагүй. Баялагтай эзэн байх боломж өнөөдөр тавигдаж байна гэж ойлгох хэрэгтэй" гэв.