
Өмнөд Солонгосын шүүх кпоп дуучин Сон Мин Хо-г тус улсын цэргийн албаны тухай хууль зөрчсөн гэм буруутайд тооцож, нэг жилийн хорих ял оноолоо.
Winner хөвгүүдийн хамтлагийн гишүүн Сон Мин Хо 2023-2024 онд нийгмийн ажилтнаар ажиллаж байсан Сөүл хотын нэгэн олон нийтийн төвд удаа дараа ажилдаа ирээгүй нь тогтоогджээ.
Өмнөд Солонгосын бие бялдрын хувьд цэргийн алба хаах боломжтой бүх эрэгтэй дор хаяж 18 сарын хугацаанд цэргийн алба хаах үүрэгтэй. Гэхдээ эрүүл мэндийн шалтгаанаар зарим хүнийг нийгмийн үйлчилгээний ажилтнаар өөр хэлбэрээр алба хаалгах зохицуулалт байдаг.
Пүрэв гарагт оноосон хорих ялыг хоёр жилийн хугацаагаар түдгэлзүүлсэн байна. Өөрөөр хэлбэл тэрээр хоёр жилийн туршилтын хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй тохиолдолд шоронд хоригдохгүй.
Шүүхийн хэлэлцүүлгээр тайзны нэрээрээ Мино хэмээн танигдсан Сон 21 сарын хугацаанд нийгмийн үйлчилгээний ажилтнаар ажиллахдаа зөвшөөрөлгүйгээр 102 удаа ажил тасалсан нь тогтоогджээ.
Гэхдээ Сон өөрт нь тавьсан ял, зэмлэлийг хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа илэрхийлснийг шүүх мөн харгалзан үзжээ.
Сон 2024 онд албаа дуусгасныхаа дараахан эрх баригчид түүний эсрэг мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн байна. Учир нь орон нутгийн хэвлэлүүд түүнийг нийгмийн үйлчилгээний үүргээ байнга тасалж, өвчтэй гэх шалтгаанаар хэт их чөлөө авдаг талаар мэдээлсэн юм.
Сон ажиллаж байсан нийгмийн үйлчилгээний төвийн удирдагчид ч мөн түүний үүргээс зайлсхийхэд нь тусалсан, тэр дундаа ажилдаа ирсэн мэт харагдуулахын тулд бүртгэл хуурамчаар үйлдсэн хэргээр хорих ял оноосон ч ялыг түдгэлзүүлжээ.