
2026-2027 оны хичээлийн шинэ жил ирэх долоо хоногт эхэлнэ. Энэ хичээлийн жилд 68 их сургууль, коллеж үйл ажиллагаа явуулах бөгөөд 25 мянган оюутан шинээр элсэн суралцах юм. Энэ жил бүх шатны боловсролын байгууллагын сургалтын төлбөр өмнөх оноосоо 7-13 хувиар өссөн байна. Төрийн өмчийн их сургуулиудын сургалтын төлбөрийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
ШУТИС-д шинээр элсэгчдийн ерөнхий суурь, мэргэжлийн хичээлийн нэг багц цагийн төлбөр 209-218 мянган төгрөг болжээ. Өнгөрсөн хичээлийн жил нэг кредитийн үнэлгээ салбар сургуулиасаа хамаараад 185 мянган төгрөгөөс 190 мянгын хооронд байсан юм. Барилгын инженерчлэл, архитектур, геологи, уул уурхайн, технологийн, механик инженер тээврийн, мэдээлэл, холбооны технологийн, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны, хэрэглээний шинжлэх ухааны, эрчим хүч инженерчлэлийн салбар сургуулиуд 218 мянган төгрөгийн төлбөртэй байгаа бол гадаад хэлний, менежментийн, нийгэм хүмүүнлэгийн салбар сургуулиудын нэг багц цагийн төлбөр 209 мянга байна.
АШУҮИС-ийн оюутнууд нэг жилд 31-32 кредит хичээл үзэх шаардлагатай аж. Улмаар нэг оюутны жилийн төлбөр 3,5- 6,8 сая төгрөгийн хооронд байна. Тухайлбал, хүний их эмч, хүүхдийн их эмч, шүдний их эмч мэргэжлээр суралцах нэг жилийн төлбөр 6,8 сая төгрөг байна.
Монгол Улсын Их Сургуулийн 2-4 курсийн нэг кредитийн төлбөр дунджаар 204 мянган төгрөг байна. Шинээр элсэгчдийн нэг кредитийн төлбөр 203 мянган төгрөг болжээ. Жилийн өмнө шинээр элсэгчдийн нэг кредитийн төлбөр 177 мянган төгрөг мянган төгрөг байсан бол мэргэжлийн суурь 178-205 мянган төгрөг байжээ.
2026-2027 оны хичээлийн жилд МУБИС сургалтын төлбөрөө есөн хувиар нэмэгдүүлжээ. Улмаар суралцаж буй хөтөлбөр, сонгосон хичээл зэргээс хамаарч дунджаар 3.7-4.2 сая төгрөгийн төлбөр төлөх юм.