ҮСХ-ны Үнийн статистикийн хэлтсийн дарга Г.Мөнх-Оргил" Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны наймдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 8.8 хувиар, өмнөх сараас 1.6 хувиар тус тус өссөн байна.

2025 оны наймдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 6.8 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 14.9 хувь, хүнсний бүлгийн үнэ 9.8 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 8.4 хувиар тус тус өсжээ.

Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.3 нэгж хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 5.2 нэгж хувиар тус тус нөлөөлсөн байна.

Инфляцын түвшин 2025 оны наймдугаар сард улсын хэмжээнд 8.8 хувь гарсны 2.7 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлэг, 1.9 нэгж хувь нь орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалжээ.

Ингэж өсөхөд,

• Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 9.9 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 10.0 хувь),

• Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 8.4 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 19.8 хувь,

• Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 5.8 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 12.8 хувь,

• Боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 12.8хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Улсын нийт гадаад өр 2025 оны хоёрдугаар улиралд 39.6 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 4.5 тэрбум ам.доллароор өсжээ. Улмаар өмнөх улирлаас 1.6 тэрбум ам.доллароор өссөн байна. Ингэж өсөхөд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 1.7 тэрбум ам.доллароор, төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 1.3 тэрбум ам.доллароор, Засгийн газрын гадаад өр 824.5 сая ам.доллароор тус тус өссөн нь нөлөөлсөн байна.

Нийт гадаад өрийн 18.0 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 8.8 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 3.1 тэрбум ам.доллар нь төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх, 1.6 тэрбум ам.доллар нь төв банкных, 8.0 тэрбум ам.доллар нь бусад салбарынх байна" гэлээ.